Монгол Улсад хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс бол төрийн албан хаагчид байна. Тэд үйл хөдлөл, үзэл бодол, итгэл үнэмшилдээ маш олон хориг тавиулсан байдаг. Төрийн албан хаагч хүн өмч хөрөнгөтэй байж болохгүй, шашин шүтэж болохгүй, аль нэг нам эвслийн гишүүн байж болохгүй, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож болохгүй. Хүн загнаж, уурлаж бухимдаж, хүнд суртал гаргаж болохгүй, архи ууж болохгүй, архины шил ч хадгалж болохгүй.
Тэр ч бүү хэл интернэт орчинд чөлөөтэй орж болохгүй. Сүүлдээ автомашин унахыг нь хүртэл хориглох гэж байна. Улаанбаатар хотын Их тойруугийн бүс дэх 286 төрийн байгууллагын 29 мянга орчим алба хаагчдын бараг тал нь хувийн машинтай гэнэ. Тэднийг ажил албандаа машинаа унахыг нь ч бас болиулна гэсэн саналууд гарах боллоо. Яваандаа төрийн албан хаагчдыг эхнэр авч, нөхөрт гарахыг хориглох нь л дээ.
Энэ бүх хандлага төрийн албан хаагчийг ширээний ард суудаг робот мэт үздэг болсонтой л холбоотой. Сүүлийн жилүүдэд “Төрийн албан хаагчийг бөхийлгөж, түмэн олныг гэдийлгэнэ” гэж байнга ярьдаг болсон. Улстөрчдийн нийгэмд таалагдах гэж уриа лоозон болгож хэрэглэдэг энэ үг ард түмнийг төрийн албан хаагчдад улам дургүй болгож байгаа. Тэр хэрээр төрийн албаны нэр хүнд ч унасан. Үүний нэг тод жишээ бол иргэд даргад өргөдөл биш хутга барьж ордог болсон тухай өмнө “Өдрийн сонин” хөндөн бичиж байсан. Хэн дуртай нь төрөө гутаан доромжилж, элдэвлэж, гоочилдог боллоо.
Ард түмэндээ дорд үзэгдэхгүйн тулд төр маань хүчирхэг байх ёстой. Хүчирхэг төрийн хөдөлгүүр нь төрийн албан хаагчид. Иймд Монгол Улсын төрийн албан хаагчид мэдлэг чадвараараа өрсөлдөж өөрийгөө хөгжүүлдэг, тэр хэрээрээ дэвшиж томордог байх ёстой. Төрийн албанд ерөнхий боловсролын сургуулиасаа авахуулаад гадаад, дотоодын их, дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн, бас шилдэг залуусыг шилж, шалгаруулж авдаг болмоор байна.
Төрийн албаны анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлж ахиж дээшилсээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирддаг УИХ-ын гишүүн, сайд болох тэр бүх гарцыг нээж өгвөл Монголын төрд шилдэг охид, хөвгүүд ажиллах болно. Хуучин цагт аль ч төрийн үед залуусын мэдлэг, ур чадварыг нарийн шүүлтүүрээр шигшиж төрийн албан хаагч хэмээх нэр хүндтэй, эрхэм албанд томилдог байв. Энэ шалгуурыг өнөө цагт дахин сэргээх хэрэгтэй байна.
Монголын нийгэмд хийж бүтээсэн ажлаараа танигдсан амжилттай яваа улстөрчид, бизнесмэнүүдийг хар л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэхэд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт машинист, дараа нь “Улаан- Од” сонины сурвалжлагчаар, “МCS”-ийн Ж.Оджаргал Эрчим хүчний удирдах газарт Автоматикийн инженер, Сү.Батболд Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж байсан.
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаас эхлээд дүүрэг, нийслэлийн дарга, намын даргын албыг хашиж байлаа. Мөн хашир улстөрч Р.Гончигдорж МУИС-ийн багш, ШУА-ийн математикийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхлүүлж амжилтын эзэн болсон. М.Энхсайхан Гадаад худалдааны яамны эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, МАК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир НАХЯ-ны аюулаас хамгаалах газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байдаг.
Тэд бүгд л улсын ажил хийж явсан хүмүүс. Тухайн цаг үедээ төрийн албыг хариуцлагатай хашиж байсных нь үр дүн өнөөдрийн амжилтаас нь харагдаж байгаа юм. Харин одоо бол төрийн албыг зорьж ирэгсдийг урьд, урьдных шиг шигшиж, шилж, сонгохгүй байгаа. Дээрээс нь тэдний бүх зүйлийг хориглочихоор хамгийн өөдгүй, унхиагүй, цүнх баригч нараар төрийн алба дүүрчихээд байгаа юм. Жишээлбэл, төрийн албан хаагч нь намын гишүүн байхыг хориглодог.
Уг нь өөрийнхөө намыг чөлөөтэй дэмждэг, эсвэл өөр намын бодлого шийдвэртэй санал нэг байгаа бол тэрийг нь чөдөрлөх биш чөлөөтэй явуулдаг, гар нийлэн ажилладаг баймаар. Мөн намын харьяалал харгалзахгүйгээр өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигч, гишүүний сонгуульд оролцох, зохион байгуулах ажлуудыг нь зөшөөрчих хэрэгтэй.
Ер нь бол Монгол Улсын шилдгүүдийн гарч ирэх зам төрийн алба байх ёстой. Ингэж байж Монгол Улсын төр цэвэршинэ. Ингэж байж Монголын төрд шилдэг охид, хөвгүүд орж ажиллана. Ингэж байж зам зуурын бөх, бизнесмэн, төрийн албаны ямар ч дөргүй дуучин төрийг хялбарчилж орж ирдгээ болино. Монгол төрийн бодлого шийдвэр төрийн албан хаагчдыг дэвшиж, дээшилж, өргөжин тэлж, томордог болгох зам мөрийг зурах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин