Аль ч сургууль, ямар ч ангид заавал сахилгагүй, хичээл үймүүлдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Зөвхөн дунд сургууль гэлтгүй их сургуулийн оюутнуудын дотор ч сахилгагүйчүүд цөөнгүй тохиолддог. Үймүүлээд болохгүй байгаа сурагч, оюутныг багш нар нь янз бүрийн аргаар шийтгэж, арга хэмжээ авдаг.
Тэгвэл АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын Роберт Кольманы бага сургуулийн багш, удирдлагууд сахилгагүй сурагчдаа хүмүүжүүлэх нэгэн шинэ аргыг бодож олжээ. Тус сургуулийн хамт олон өнгөрсөн жилээс эхлэн хичээл дээрээ үймүүлээд байгаа дэггүй жаалуудыг загнаж, шийтгэх уламжлалт аргыг хэрэглэхээс эрс татгалзсан бөгөөд үүний оронд тэдгээр хүүхдүүдээр иогийн дасгал, бясалгал хийлгэх болсон байна.
Ингэснээр хичээлээ тасалсан болон үймүүлдэг сурагчдыг тусад нь зориулалтын өрөөнд оруулж байгаад дорно зүгээс гаралтай бясалгал хийлгэж, мөн иогийн дасгалын зарим элементийг гүйцэтгүүлэх болжээ. Сургуулийн багш нар энэхүү зориулалтын өрөөгөө “Ухаан санаагаа удирдах өрөө” хэмээн нэрлэсэн аж.
Үр дүнд нь “Ухаан санаагаа удирдах өрөө”-нд орж, бясалгал, иог хийсэн сурагчид хий дэмий хичээл үймүүлж, таслахаа больсон нь Америкийн төдийгүй бусад олон улс орны боловсролын салбарынхны анхаарлыг татах боллоо. Хамгийн түрүүнд Кольманы бага сургуулийн хөрш болох Паттерсон Паркын дунд сурргууль дэггүй сурагчдаа хүмүүжүүлдэг сургалтын энэ өвөрмөц аргыг нь шууд хуулбарлан хэрэгжүүлж эхэлсэн бол хойноос нь Америкийн нэг бус бага, дунд, ахлах сургуулиуд сонирхон судалж, өөрсдийн хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлэхээр зэхэж байна.
Дашрамд сонирхуулахад Кольманы сургуулийн болдоггүй жаалууд сүүлийн хагас жилийн байдлаар хичээлээ тасалсан тохиолдол нэг ч гараагүй байгаа гэсэн шүү. Монголд ч бас энэ үр дүнтэй аргыг туршаад үзэхэд болохгүй зүйлгүй мэт.
Эх сурвалж: Higher Perspective