Шинэ киногоо Монголынхоо үзэгчдэд хүргээд удаагүй “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр боллоо. Тэрбээр мэндэлсэн өдрөөрөө Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагаас гэнэтийн бэлэг авсан байна. Тэд Т.Бархүүгийн төрсөн өдрөөр “Чамдаа уусна” нэртэй шинэ дуугаа бичүүлжээ.
Дууны хөгжмийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, шүлгийг “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат бичсэн байна. Энэ дуу Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн долоо дахь бие даасан “Тэнгэр шиг бай” цомогт багтжээ. Жүжигчин Т.Бархүүг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцох үеэр дуучин Т.Ариунаа нэг дууг хамтран дуулах бодолтойгоо дуулгасан аж.
Улмаар тэдний бодол саяхан биеллээ олж, нэгэн сайхан дууг хамтран дууллаа. “Чамдаа уусна” дууны клипийн зураг авалтыг удахгүй эхлүүлэх юм байна. Уран бүтээлчид шинэ дуугаа ирэх сарын эхээр сонсогч фэнүүдийнхээ хүртээл болгохоор төлөвлөжээ.