Хорт хавдар өвчний эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулж, хамтдаа нэгэн хүчээр тэмцэж, нэгдэх үүднээс Хавдар судлалын үндэсний төв, “Монгол шуудан” компани хамтран “Хавдрын эсрэг хамтдаа” маркыг гаргажээ. “Хавдрын эсрэг хамтдаа” сэдвийн дор хоёр төрлийн марк худалдаанд гаргаснаас ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн түүхэн үйл явдал болон дэвшилтэт технологи, эмчилгээ нэвтэрч буй үйл явцыг нэг дэх марк өгүүлэх бол хоёр дахь нь “Хавдрын эсрэг хамтдаа” уриалгыг дэвшүүлсэн өнгө аястай болсон гэж нээлтийн арга хэмжээний үеэр ХСҮТ-ийн бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан тайлбарлалаа.
Уг хоёр төрлийн марк өнөөдрөөс худалдаанд гарч эхэлсэн хэдий ч цөөнгүй иргэд худалдан авалт хийж байсан юм. Хэрэв та дээрх хоёр төрлийн маркыг худалдан авахыг хүсвэл “Монгол шуудан” компанийн салбаруудад худалдаалагдаж байгаа. Та ганцхан марк худалдан авснаар хавдрын эсрэг үйлсэд 100 төгрөгөөр хувь нэмэр оруулна. Марк бол тусгаар тогтносон улсын бэлгэ тэмдэг, соёлын биет өв, дурсгалын эд зүйлсүүд дотроо “хаан” цуглуулга нь болж чаддаг бодит соёл бөгөөд арилжааны чухал хэрэглүүр гэдгийг “Монгол шуудан” компанийн марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1960-аад оны үед гаргасан эрүүл мэндийн маркны цуглуулга дэлхий даяар хамгийн алдартай нь аж. 60 жилийн өмнөх уг марк малери өвчин, бага насны хүүхдэд вакцин уулгаж буй сэдвүүдийг агуулан худалдаанд гарч байжээ. Дэлхий нийтэд цөөхөн улс эрүүл мэндийн чиглэлийн марк гаргадаг бөгөөд эдгээрээс Шинэ Зеландын маркны цуврал нэлээд алдартай юм. 2018 онд НҮБ-аас дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан гаргасан дараах маркууд олны анхаарлыг ихээр татсан бөгөөд хэвлэсэн цаас, өнгө будаг нь онцгой байж чаджээ.
Монгол улс 1960 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн их хурлын сэдэвт марк гаргаж байсан бол өнөөдөр худалдаанд гарсан “Хавдрын эсрэг хамтдаа” марк эрүүл мэндийн салбар дахь долоо дахь марк болж байна. Түүнчлэн 2008 онд “ДОХ –ын эсрэг тэмцэцгээе” марк худалдаанд гарч байжээ. Дээр үеийн онцгой маркуудаас гадна орчин үеийн дэвшилтэт технологи, өнгө будаг, онцгой дүрслэлийг агуулсан марк сүүлийн үед олны анхаарлыг татах болсон байна.