Жил бүр эцэг эхчүүд, олон нийтийг агаарын бохирдлын эсрэг жагсахыг уриалдаг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Засгийн газраас 41 сая төгрөг авсан гэх мэдээлэл байна. Энэ мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 215 дугаартай төлбөрийн баримтаар шилжүүлэн авчээ. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Тэгвэл энэ асуудал дээр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн фэйсбүүк хуудас дээрээ мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр Засгийн газраас чимээгүй байлгах зорилгоор авсан мөнгө биш агаарын бохирдлын эсрэг санг зохицуулдаг хуулийн дагуу гаргуулж авсан мөнгө болохыг тайлбарлажээ.Мөн тэрхүү мөнгөөр “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтаа хийж 1200 гаруй хүнийг хамрах ёстой сургалт хийсэн талаараа бичсэн байна.
Түүний мэдэгдлийг бүрэн эхээр хүргэе
Иргэний байгууллагаа төлөөлж ДОЛООН ЦЭЦЭРЛЭГТ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАВИХ тендерийн үнэлгээний хороонд миний бие гишүүнээр орсон билээ. Энэ тендерт оролцогч нэгэн байгууллага өнөөдөр надтай уулзаж ярилцах санал тавьсан ч би боломжгүй гэж татгалзсан юм. Үүнийг хариуд сүрдүүлсэн агуулгатай мессеж надад ирснийг та бүхэнд зургаар баримт болгон оруулж байна.
Тендерийн үнэлгээний хороо материалуудтай дөнгөж танилцаж байхад Жи Жи Ай компани өөрсдийгөө хамгийн бага үнэ санал болгосон гэдгээ яаж мэдэж, өөрсөддөө ийм итгэлтэй мессеж надад илгээж байгаа нь хардлага төрүүлсэн юм. Яг энэ мессежнээс цаг орчмын дараа биднийг Засгийн газраас авилгал авсан мэт гүтгэлэг твиттер сошиалд явж эхэлсэн юм. Жи Жи Ай компани нь тендерийг зарласан ажлын албаны зарим даргатай эрх ашгийн холбоотой учир тендерт өрсөлдөгч бусад компанийн үнийн саналын талаар мэдээлэлтэй байна гэж би хардаж байна. Намайг сүрдүүлсэн мессеж үйлдлийг нь олон нийтэд зарлах вий, эсвэл тендерт өөрсдөд нь давуу эрх олгохгүй байх вий гэж болгоомжилсондоо биднийг Засгийн газраас авилгал авсан мэтээр гүтгэж эхэллээ.
Сошиалаар энэ мэдээллийг анхлан түгээсэн хүмүүс ч энэхүү тендерт нөлөөлөх хууль бус ажиллагаанд хамааралтай эсэхийг нь Цагдаагийн байгууллагаар нь шалгуулах болно. Энэ сүрдүүлгийн мессеж, гүтгэсэн гээд бүгдийг нь нийлүүлээд Авилгатай тэмцэх газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэгт нь өгнө. Энэ тендерийн тухайд СХД-ийн 7 цэцэрлэгийг нүүрс түлж халаадаг байдлыг халж цахилгаан халаагуурт шилжих тендер байсан юм. Өдөр эхэлсэн гүтгэлэгийн тайлбар хариуг өгөхийн тулд тендерийн талаарх энэ явдлыг дурдах шаардлагатай тулсан учраас хэсэг бодож байгаад бичлээ.
Сургалтын тухайд Засгийн газар тэр мөнгийг бидэнд өгөөгүй юм! Бид аль өнгөрсөн өвлөөс айлуудын гэр байшин дулаалах сайн үйлсийн аянг хийсээр энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл иргэдэд хэрэгтэйг ойлгож, сайн зөвлөхүүдийн ачаар иргэдэд сургалт явуулах төслөө боловсруулчихаад санхүүжилт хайж эхэлсэн юм. Агаарын бохирдлын эсрэг санг зохицуулдаг хуулийг нь уншиж судласаар байгаад агаарын бохирдлыг бууруулах сургалт, сурталчилгаа явуулахад энэ сангаас санхүүжилт үзүүлдэг болохыг мэдэж авсан. Ингээд төслөө боловсруулаад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам уруу энэ төрлийн сангаас санхүүжилт үзүүлэхийг хүссэн. Энэ мөнгө бол нэг сайдын мөнгө биш, агаар бохирдуулагчдын төлсөн төлбөр буюу татвар төлөгчдийн мөнгө! Яалт ч үгүй хуулин дээр нь цагаан дээр хараар биччихсэн учраас л наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад л өгсөн дөө. Бид хүсэлтээ аль 5 дугаар сард өгөөд зун сургалтаа явуулах хүсэлтэйгээ албан бичгээр мэдэгдэж байсан ч бүтэн зун дууссаны дараа 8-р сарын сүүлд сургалтын санхүүжилт орж ирсэн. Ингээд бид Баянзүрх дүүргээс эхлээд иргэдэд зориулсан “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтаа эхэлсэн. Бид нэг сургалтанд 35 хүн л ирэхээр тооцоход 45 бүр 55 иргэд ирж байна. Сургалтын багшийг асуултаар булаад явуулахгүй байна. Бид 2019 оны 2-р сар хүртэл энэ сургалт үргэлжилнэ!!! Нийт 1200 гаруй хүнийг хамрах ёстой сургалт! Энэ 40 сая төгрөгөөр нь сургалтын эхээ бэлдэж, дизайнерт нь мөнгийг нь төлж, А3 хэмжээтэй тараах материалууд хэвлүүлж, сургалтанд оролцсон иргэддээ халуун цай кофе, өдрийн хоол, дэвтэр бал, бичгийн цаас, дулаалгын материал халаагуур зардаг нийт 50 орчим компанийн утас хаяг жагсаалттай, үнийн харьцуулалттай өчнөөн хуудас материал, видео бичлэг, бензин тос гээд бүгдийнх зардлыг гаргаж явна. Энэ 40 саяыг нь биднийг идсэн уусан гэвэл бид иргэдтэйгээ хамт идсэн. Бид гэр байшингаа дулаалж иргэдийн түлэх нүүрсийг бууруулах нь иргэдэд үлдэцтэй бөгөөд гэр байшингийнх нь үнэ цэнэ нэмэгдэх ажил гэдэгт итгэдэг. Биднийг Засгийн газраас 40 сая төгрөг аваад амаа хамхичихсан гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Өчигдөрхөн л Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нь Агаарын бохирдлын эсрэг агентлагаа нэхэж шаардсаар л байсныг санаж байгаа биз.
Иргэдээ мэдээлэлжүүлж, соён гэгээрүүлэх ажилд Төрийн бус байгууллагууд манлайлан оролцох ёстой. Сургалт хийхэд мөнгө хэрэгтэй! Бид нөхрүүдээсээ, гадаадын сангуудаас бага хэмжээний санхүүжилт авдаг ч 1200 орчим иргэнийг хамрах сургалт явуулахад даан ч хүрэлцэхгүй байна. Гэр хороололд 660,000 хүн амьдарч байна! Ердөө 1200 иргэн л энэ сургалтанд хамрагдаж чадна гэхээр бид өөрсдийгөө чамлаад байна. Илүү өргөн хүрээтэй хиймээр байна. Цаашдаа ч хийх болно. Ер нь ямар эрүүл ухаантай хүн Засгийн газраас авилгал авахдаа тулбал байгууллагынхаа дансаар дамжуулаад, өөрөө гарын үсгээ зураад, сургалтаа явуулаад тэр тэр байгууллагын дэмжлэгээр хийж байна гэж фэйсбүүк групптээ зарлах уу? Бид энэ сангаас санхүүжилт авч иргэддээ хичээл заах хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй байдаг учир тамгаа дарж, өөрийн гарын үсгээ зурж байгаад авсан юм.
Өөрсдөө иргэддээ хандсан ажлаа хийхгүй, иргэдээ соён гэгээр гэж ОРК гэж доромжлоно, тэгээд иргэддээ зориулаад Иргэний байгууллага нь сургалт хийхээр луйварчин болчихдог бол би бүр том гарын луйварчин болмоор байна!!!
Нас дөнгөж гуч гарч байна, үр хүүхэд мниь дэндүү балчир байна! Тэднийхээ ирээдүйг намын бууны нохдоор харсаар байж дуугүй баллуулахгүй ээ.
Харин энэ гүтгэлэгийн тухайд өнгөрсөн долоо хоногоос агаарын бохирдолд зарцуулагдаж байгаа зарим мөнгөнд шунахайн савар орохоор олон удаа оролдсон талаарх мэдээллүүд бидэнд ирсэнтэй, тэр мэдээллүүд нь задарчих вий гэж айсантай нь бүр их холбоотой болов уу. Май гээд үзүүлчих баримтгүй учир мэдээллийг цуглуулаад баримтжуулах гээд хичээсний эхний шанг ингэж өгч байгаа байх. Харин сэтгүүлчид л энэ асуудлуудад анхаарлаа хандуулна буй за” хэмээжээ.
1 comment
aav eei nar ymar oyunii homsdoltoi durakuud heleh ch ug alga ter mongoo yund zartsuulsanaa todorhoi tailbarla neg mod ch tariagui l yum bn mongo ii n butsaaj tushaa