АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 73 дахь чуулган дээр анх удаа Өмнөд Солонгосын хамтлаг үг хэлж, түүхэд бичигдэв. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Generation Unlimited” хөтөлбөрийн хүрээнд хөвгүүдийн хамтлаг BTS гурван минутын турш үг хэлсэн байна. Тус хамтлаг нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг бөгөөд 2017 онд Өмнөд Солонгос дахь НҮБ-ын хороонд элсэн орж Хүүхдийн Сантай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Love myself” компанит ажлыг хэрэгжүүлж байсан юм.
Чуулганы индэр дээрээс хамтлагийн ахлагч Ким Нам Жун өөрийн амьдралын тухай өгүүлж “Би Сөүлтэй залгаа оршдог Илсан хотод төрсөн. Хүүхэд нас минь маш сайхан, аз жаргалтай өнгөрсөн. Гэхдээ ес билүү 10 настай байхдаа гэнэт л бусад хүмүүс миний тухай юу гэж бодож байгаа тухай бодож эхэлсэн. Тэгээд би нэгэн нууц газартай болсон. Тэнд байгаа хүн надад нэг зүйлийг үргэлж хэлдэг байсан. Сэрээрэй хүү минь, өөрийгөө сонс гэж” хэмээжээ. Тэрээр үргэлжлүүлэн хүүхэд залуучуудад хандан “Надад өөрийн тухай яриач. Чи хэн байх, хаанаас ирэх, ямар арьстай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Би чамайг сонсоход бэлэн байна. Би өмнө нь маш их зүйл дээр алдаж, миний дотор үргэлж айдастай байдаг байсан. Тэгээд үргэлж өөрөөсөө ичдэг байлаа. Харин би бага багаар өөрийгөө хайрлаж, өөртэйгөө ярилцаж сурсан юм” хэмээн ярьжээ.