Дэлхий дээр шилэн гүүр ердөө гурав байдаг бөгөөд аялал жуучлалаар тэргүүлэгч Канад, Хятад, Нидерланд зэрэг улсад байдаг. Харин дөрөв дэх шилэн гүүртэй улсын тоонд манай улс тун удахгүй дэлхийд танигдах бололтой. Архангай аймгийн есөн гайхамшигийн нэг Чулуутын гол буюу Чулуутын хавцал дээр 40 метр өндөрт 150 метр урт шилэн гүүр барих бүтээн байгуулалтын томоохон ажил эхэлжээ. Одоогоор гүйцэтгэл ажил 10 хувьтай явж буй бөгөөд ирэх долдугаар сар буюу Үндэсний их баяр наадмаас өмнө ашиглалтад орох юм байна. Өнгөрсөн жил Хятадын Хунань мужид дэлхийн хамгийн урт шилэн 430 км гүүр ашиглалт орсоноор “Шилэн шил” ХХК-иас дээрх ажлыг хэрэгжүүлхээр санаачилжээ.
Чулуутын хавцал нь дотооддоо төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ газар нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн хагалбар газар аж. Манай улсын аялал жуучлалын гол үндсэн маршрут үүгээр дамждаг. Архангайгаар дамжаад Хөвсгөл ороход эхлэн Эрдэнэзуу, Улаан цутгалан, Төвхөн хийд, Тайхар чулуу үзээд, Чулуутын хавцал дээр очдог. Тэнд очсон иргэд хавцал дотор орох боломжгүй байдаг учраас зургаа авхуулаад буцдаг. Иргэд чулуутын хавцал дээр баригдах гүүрэн дээгүүр алхаад, хажуугийн шилэн шатаар бууж, нөгөө талын шатаар өгсөж дээш гарсанаар хавцал дотор орж үзэх боломж нээгдэх юм байна.
Үүнээс гадна толин төөрдөг байшин, Троссон гулсуураар гулгах, агаарын дугуй, мотоциклиэр троссон дээгүүр явах шоу үзэх зэрэг олон сонирхолтой адал явдалтай учирна. Энэ газар нь аялал жуучлалын томоохон цогцолбор болох юм. Гүүрний дагуу 20 өөр загварын өнгө солигддог шилэн монгол гэр, ресторан, шилэн дэлгүүр үйл ажиллагаа явуулсанаар аялалын нэг өдрөө шилэн, толин хотод өнгөрүүлэх аж.
Шилний хувьд хагарах вий, нурах вий гэсэн айдсаас санаа зовох хэрэггүй гэнэ. Гүүрний шилийг Бээжингээс авчирч буй бөгөөд хагаралтад тэсвэртэй, дээгүүр нь машин явахад асуудалгүй аж. Түүнчлэн энэ нь хүн явахад зориулагдсан, давхар наалттай шил байх гэнэ. Өөрөөр хэлбэл нэг сантиметр шилийг хоёр давхарлаж наасан, хагаралтад маш тэсвэртэй, хагарлаа гэхэд нэг нь л хагарч, лантуугаар цохиход хоёулаа хагарсан ч салж ойчихгүй юм байна.
Гадаад, дотоодын жуулчид энэ гүүрээр аялахад ойролцоогоор хоёр цаг гаруй хугацааг зарцуулхаар бүтээн байгуулагчид төлөвлөжээ. Иймд эко нойл болон хоёр буфет байрлуулах аж. Ер нь дэлхийн шилэн гүүрний жишиг хоёр уулын завсар байдгаараа онцлогтой. Энэ бүгдэд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулхаар төсөвлөжээ.
Хятад улсын хамгийн урт шилэн гүүр
Канад улс дахь дэлхийн хамгийн өндөр шилэн гүүр