Өчигдөр УИХ-ын 2017 оны улсын төсөвт тодотгол хийх анхны хэлэлцүүлгийг хийлээ. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд УИХ хаврын чуулганы эхэнд төсөвт яаралтай тодотгол хийж байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг “муу” хэмээн үнэлсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газар, Сангийн яам хоёр маш их хичээл зүтгэл гарган ОУВС-тай хэлэлцээр хийж байгаа. Өөр гарц байхгүй болсон хэмээн төслөө хамгаалав.
Энэ удаагийн төсвийн тодотголд хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх санал орж ирсэн байгаа.
Үүнийгээ Сангийн сайд “Монгол Улсын нийт ажиллагсдын дундаж цалин одоогоор 800 гаруй мянган төгрөг байгаа. Бид 1.5 сая төгрөгийн цалинтай хүмүүсийн татварыг нэмэх бодлого барьсан. 1.5 сая төгрөгөөс доош цалин авдаг хөдөлмөр эрхлэгчид болох нийт ажиллагсдын 95 хувийн татвар 10 хувь хэвээр үлдэнэ хэмээн тайлбарлаж байна.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2006 онд шинэчлэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 84 мянган төгрөг байсан. Тэр үеэс хойш нэмэгдсээр өнөөдөр 240 мянган төгрөг болж өссөн. Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөнгөлөгдөх татварыг 84 мянгаас 240 мянган төгрөг болгох ажлыг үе шаттайгаар хийх асуудал тусгагдсан. Энэ нь татвар ногдох орлогыг нэмэгдүүлэх биш, эсрэгээр бууруулах алхам болно гэв.
Согтууруулах ундаа, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээ 2018 оноос 10 хувь нэмэгдэнэ
Автомашин эзэмшигчийн жил болгон төлдөг татвар, төлбөрийг нэмэгдүүлэлгүйгээр зөвхөн импортоор орж ирж буй суудлын автомашины нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулаад байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулан ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тооцжээ.
Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн татвар ногдуулахаар заасан байдаг бөгөөд энэхүү татварын хэрэгжих хугацааг есөн сараар урагшлуулж, энэ оноос хэрэгжүүлэхээр тооцжээ.
Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд буюу 30 хүртэл хувьд хүргэхээр тооцсон. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, согтууруулах ундаа, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг 2018 онд 10 хувь, 2019, 2020 онуудад тус бүр таван хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Тэтгэврийн сан зардлын шимтгэлийг 20-22 хувь болгон нэмэгдүүлэхээр тооцжээ
Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээг нийт таван пунктээр гурван жилд үе шаттай нэмэгдүүлэх аж. Тухайлбал, ажил олгогч болон ажилтан тус бүр төлөх шимтгэлийн хэмжээг 2018-2020 онд жил бүр 0.5-аас нэг пунктээр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Манай улсын тэтгэврийн сан олон жил алдагдалтай явж ирсэн. Алдагдлыг нь улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн бүрдүүлсэн орлогоос нөхсөөр байгаа. Иймд Тэтгэврийн сан зардлаа бүрэн санхүүжүүлдэг болохын тулд одоогийн 14 хувийн шимтгэлийг 20-22 хувь болгон нэмэгдүүлэх тооцоо гаргажээ. Гэвч ингэж нэмэх нь ажил олгогч даатгуулагчийн хувьд хэтэрхий хүнд ачаа болно. Иймд шимтгэлийг огцом биш, харин ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлснээр бизнест учрах дарамт харьцангуй багасах боломжтой гэж Засгийн газар үзжээ.
Нийгмийн даатгалын тогтолцоогоо үндсээр нь засварлан шинэчлэхгүй бол нийгмийн даатгалын “системийн” шинжтэй хямрал зайлшгүй нүүрлэхээр байна. Иймд хүндрэлийг давах бодитой, олон улсад жишиг болсон саналыг төсвийн тодотголоор оруулж, шийдвэрлүүлэх зарчмын бөгөөд зоримог санал гаргаж буйг зөвөөр ойлгохыг Сангийн сайд хүсч байлаа.
Мөн өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ ба тэтгэврийн насны зохистой тэнцвэр хангагдаагүй байгааг сайжруулах зорилгоор тэтгэврийн насыг хүн амын насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2037 онд 65-д хүргэхээр тусгасан гэж байлаа.
Хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, 2019 онд нөхөж олгохгүй байх болон Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулах болон зарим хөтөлбөрүүдийг нэгтгэж, зорилтот бүлгийн хамрах хүрээг оновчтой болгох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн нийгмийн халамжийн төрлийг нэгтгэж, зорилтот бүлэгт чиглүүлж үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд одоо олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй. “Насны хишиг” хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг Б.Чойжилсүрэн сайд онцолсон.
Тэтгэвэрийн насыг 65-аар тогтоосон нь дэлхийн жишиг гэв
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, гишүүдийн хувьд тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага юу болох, түүнчлэн хүн амын дундаж наслалт 69 байхад тэтгэврийн насыг 65 болгосны шалтгааныг тодруулсан юм. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Тэтгэврийн даатгалын өнөөгийн уг тогтолцоонд шинэчлэлт, өөрчлөлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4.0 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлагатай байгаа юм.
Одоогийн тогтолцоог үргэлжлүүлвэл, ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн багаар тооцоход 7.2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа учраас зоримог шинэчлэл хийсэн. Харин тэтгэврийн насыг 65-д хүргэсэн нь дэлхий нийтийн өнөөгийн жишгийг дагасан. Цаашилбал, 2027 он гэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70 наснаас хол давна гэсэн судалгаа байгааг ч үндэслэсэн гэв.