БНСУ Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам Монгол Улсаас дадлагжих ажилтан, ажиллах хүч авч эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хавар тус улс 8000 монгол залуугаас солонгос хэлний шалгалт авч, ажиллах хүч илгээх нөөц мэдээллийн сандаа бүртгэнэ гэв. Шалгалт энэ сарын 10-нд буюу ирэх даваа гаригт эхэлнэ.
Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэд ирэх наймдугаар сарын 16-н хүртэл шалгалт өгөх боломжтой юм. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Иймд заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстой юм. Мөн иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэг нь заавал байх ёстой аж.
Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авахаас гадна үүний өмнө хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй. Хэрэв энэ үйлдлийн гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг гурван жилээр хязгаарлах юм байна. Дашрамд дурдахад та бүртгэлийн дугаарын кодоороо хэдний өдөр шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай. Шалгалтын дүн эхний ээлжинд ирэх тавдугаар сарын 10-наас гарах гэнэ.