Улсын наадмын дараа таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийн амжилтыг бататгаж байгаа юм. Тэгвэл энэ жилийн шинжилгээгээр гурван бөхөөс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн эх сурвалж мэдээллэж байна.
Шинжилгээнд 32 бөх хамрагдсанаас Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн гэв. Мөн энэ жилийн улсын баяр наадмаар шинэ цол авсан начин, харцага цолтны нэгээс допинг илэрсэн ч бөхчүүд “А” сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас “В” сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давснаар тооцдог. Тэгэхээр Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А. Цацавширыг начины даваа хүчингүй болбол улсын начин Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзол хангаж байна.