Globalfirepower.com цахим хуудас дэлхийн улс орнуудыг цэрэг-арми буюу батлан хамгаалах чадвараар нь үнэлжээ. Өөрийн гэсэн судалгааны хүчирхэг багтай тус байгууллага улс төр, нийгмийн 55 өөр үзүүлэлтээр тус бүрт нь ийм судалгааг жил бүр хийдгээрээ алдартай юм.

Тус цахим хуудас дэлхийн 136 улсын цэрэг-армийг агаарын болон хуурай замын цэргийн өөрийгөө хамгаалах чадвар, батлан хамгаалах салбартаа жил бүр хэдий хэмжээний мөнгө төсөвлөдөг, артиллерийн хүчин чадал, цэрэг эрсийнх нь бие бялдар болон мэдлэг боловсрол зэрэг нэлээд олон төрлийн шалгуураар байр эзлүүлснээс Монгол улсын зэвсэгт хүчин 87 дугаар байрт оржээ.

Ази-Номхон далайн бүсийн цэрэг-арми гэсэн бүлэгт багтсан манай улсын өмнө Европ тивийн Албани, Африкийн Кени, мөн Азиас Армен улсууд орсон бол бидний араас 88, 89, 90, 91 дүгээр байрт Кувейт, Шри-Ланк, Шинэ Зеланд, Киргизстан гэсэн улсууд жагсчээ. Тэгвэл Ази-Номхон далайн бүсийн орнуудад хэвлэгддэг The Diplomat сэтгүүлд “Олон зууны түүхтэй Монголын арми нь эртний Грек, Ром, Оттоманы эзэнт гүрний шилдэг армиудын нэгэн адил цагтаа хүчирхэг байж, дэлхийн хэмжээний шилдэг армийн тоонд орж явснаас гадна уруудал доройтлыг ч бас үзэж, туулсан юм” хэмээн бичжээ.

Дэлхийд алдартай тус сэтгүүлийн шинжээчид орчин үеийн Монголын армийг дипломатын уян хатан бодлоготойгоо уялдаж, хөгжин дэвшиж ирсэн гэдгийг онцолсон байна. “Нэгэн цагт хүчирхэг явсан Монголын арми цагтаа Дорнод Европоос Сибирь, Солонгосын хойгийг тэр чигт нь дамнасан үзэл суртал, соёл, нийгмийн харилцааг тогтоон барьж явсныг мартаж болохгүй”, “Монгол цэргүүд орчин үеийн соёлт хүн төрөлхтөн бидэнд нийгэм, соёлын томоохон дэвшлийг авчраад зогсохгүй технологийн шинэ дэвшил, шинэ стратеги, тактикыг таниулж, мэдүүлсэн юм” гэхчлэн The Diplomat сэтгүүлд онцолжээ.

Мөн Вашингтон хот дахь Монголын элчин сайдын яамны цэргийн атташей, хурандаа Т.Наранхүүгийн хэлснээр тус улсын арми Герман, Орос, Беларусь, Турк, Украйн зэрэг дэлхийн 30 гаруй улстай батлан хамгаалах салбарт байнгын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж байгаа болохыг ч тус сэтгүүлд дурджээ.

Түүнчлэн Афганистаны Кабулд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын армийн тэргүүн дэслэгч Марк Ларсон “Нүүдэлчин удамтай монгол цэргүүд бол далайд гарцгүй бүс нутагт өсч торниж, бэлтгэгдсэн гэхэд дэндүү чадварлаг, терроризмын эсрэг олон улсын эвслийн цэргүүд дотроо маш сайн бэлтгэгдсэн дайчдын тоонд орно.

Тэд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй бусад улс орны цэргүүдийг өөрсдийн идэвхтэй үйл ажиллагаагаараа дэмжиж, жинхэнэ үлгэр жишээ байж чаддагийг хэлмээр байна” хэмээн ярьсныг гадаадын нэг бус хэвлэлд бичсэн байна. The Diplomat, Globalfirepower.com-ын аль алинд нь орчин үеийн Монголын арми хүчин чадал, батлан хамгаалах чадварын хувьд бүс нутагтаа өрсөлдөх чадвартайд орно хэмээн онцолсныг эцэст нь хэлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: The Diplomat, Globalfirepower.com

By updown

One thought on “Манай улсын зэвсэгт хүчин 136 орноос 87-д жагсчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн