“Тод тусгал” эх орныхоо оюунлаг сэхээтнүүд болон дэлхийн алдартай хүмүүсийн ярилцлага, намтарыг хүргэсээр ирсэн. Харин энэ удаад өнөөгийн биднийг “Даншиг наадам” хэмээн жил бүр тэмдэглэхэд хүргэсэн Монголын түүхийн нэгэн суут хүн болоод түүний алдартай бүтээлийн нууцаас хүргэе.

Дэлхийн түүхэнд мөнхөрсөн анхны хайр

Одоогоос 400 гаруй жилийн тэртээ Түвдийн Лхас хотод арав гаруй насны нэгэн хөвгүүн лам нарын хоол хийж иддэг гурил буюу балингаар гайхалтай үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэйн баримлыг урлажээ.

Амьдралдаа анх удаа баримал урлаж үзсэн тэр хөвгүүн гурилан эмэгтэйнхээ жинхэнэ гоо үзэсгэлэнг нь сэтгэл дотроо төсөөлөн бодож, оюун бодлоороо цэнгэл эдлэн суух тэр мөчид түүнтэй хамт Далай багшийн дэргэд шавилан суудаг өөр нэгэн банди давхиад ороод ирэх нь тэр. Хүний доор орж сураагүй шазруун, бас шооч мөртлөө давилуун тэр банди баримал урлаачаас ямар учиртай гурилан хүн болохыг нь асуужээ.

Хариуд нь гарын уртай өнөөх хөвгүүн Амина буюу санскрит хэлээр Сэтгэл хэмээх нэртэй нэгэн бүсгүйг зүрхэндээ бодож явдаг агаад тэр эмэгтэйнхээ дүрийг тийнхүү гурилаар урласнаа. Нутагтаа очоод боломж олдвол гурил биш, жинхэнэ алтаар урлах бодолтой байгаагаа шазруун, шооч бандид ярьжээ.

Түүнийг ярьж дуусав уу үгүй юу өнөөх айхтар банди гурилан бүсгүйн толгойг яах ийхийн зуургүй тасдаж аваад амандаа хийн зажилж гарах нь тэр.

Шарын шашны тэргүүн Далай багшийн дэргэд хамтдаа шавилан сууж, бурхны номонд суралцаж агсан энэ хоёр хөвгүүн бол Дөрвөн Ойрадын хаан, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Галдан Бошигт, Халхын өндөр гэгээн Занабазар нар байсан гэдэг.

Хааяадаа нэг нь нөгөөгийнхөө ур авьяас шингэсэн бүтээлийг шоглон үймүүлж, бие биеийнхээ дээр гарахыг хичээн тэмцэлдэж, харин заримдаа хоёулаа монгол хүн юм гэсэндээ амь нэгтэй байж, бурхны номонд шамдаж, түвд банди нартай бие биеэ өмөөрөн гар зөрүүлж, тэрсхэн нөхөрлөж нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн энэ хоёр өсвөр насны хүү ирээдүйд хоёулаа монгол түмний хувь заяаг шийдэлцэх агуу хүмүүс болоод зогсохгүй өстөн дайснууд болж хувирна гэдгээ гурилаар хийсэн толгой булаацалдаж суусан тэрхэн мөчдөө яахин төсөөлж чадах билээ.

Туршилтын буюу одоогийнхоор бол эскиз хувилбар нь балин гурилаар бүтээгдсэн тэрхүү үзэсгэлэнтэй эмэгтэйн бүтээл хэдхэн зууны дараа Монголын төдийгүй дэлхийн түүхэнд Ногоон Дарь эх нэрээр алдаршин түгэж, бидний амьдран буй энэ эрин үед дөрвөн сая гаруй ам.доллар буюу арван тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгийг бяцхан Занабазар хөвгүүн өөрөө мэдэх боломжгүй байсан нь харамсалтай.

Занабазар энэ алдарт бүтээлээ зүгээр нэг хийж бүтээхийн хүсэл мөрөөдөлд автаж, алдар нэртэй болох гэсэндээ урлан бүтээгээгүй гэдгийг урлаг, түүх судлаач олон мэргэжилтэн нэгэн дуугаар баталж чадна. Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, оюун ухаан, билэг авьяасыг билэгдэн урласан энэ агуу бүтээлээ орь залуу хүү Монгол нутгаасаа Лхасын зүг хүлгийн жолоо залах замд түр зуур өнжин саатсан нэгэн монгол ноёны ганц охин Аминаг сэтгэл дотроо дурсан бодож урласан гэдэг.

Зарим түүхчид, мөн Ардын уран зохиолч С.Эрдэнэ нар энэ Аминаг Занабазарын анхны хайр нь байсан байж болох юм гэсэн таамгийг ч дэвшүүлсэн байдаг. Ингээд зогсохгүй С.Эрдэнэ өөрийн зохиол бүтээлдээ Занабазарыг Монголын шашны тэргүүн болсных нь дараа түүнийг хорлож, чадах гэсэн хорон санаат хүмүүс Амина бүсгүйд хор уулган хөнөөж байгаагаар тусгасан нь бий.

Юутай ч түүхийн олон эх сурвалж Өндөр гэгээн Занабазарын Амина бүсгүйд алдарсан сэтгэл нь Ногоон Дарь эх хэмээх дан хүрлээр цутгаж, гадна талаар нь цул алтаар бүрсэн энэхүү агуу бүтээлийг урлахад хүргэсэн гэдэг хувилбар дээр санал нэгтэй бат нот зогсдог юм.

Халх монголчууд Түргэн эх ч гэж нэрлэдэг энэ гайхалтай бүтээлийг монгол эх хүний энэрэл хайр, нигүүлсэнгүй сэтгэлийг билэгдэл болгон бүтээсэн хэмээн урлаг судлаачид тайлбарладаг бөгөөд уг бурханыг хоймортоо тахин шүтсэн хүн эрдэнэ хүсэх юм бол түүнийгээ, хүүхэд хүсэх аваас мөн тэрнийгээ олдог хэмээн шарын шашны лам нар хэлдэг.

Утга санааны хувьд Ногоон Дарь эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн тал руугаа ялимгүй хазайсан байдалтай залардаг. Ингэж тэргүүн ялимгүй хазайсан нь хүн амьтдын зовлонг сонсож, баруун хөлөө унжуулсан нь хүн амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж байдаг аж.

Гэвч харамсалтай нь энэ гунигтай атлаа гайхамшигтай түүхтэй бүтээл 2014 онд Парисын Сотебигийн дуудлага худалдаан дээр 200-300 мянган еврогоос эхлэн дуудагдаж, улмаар 4,3 сая ам.доллараар зарагдсан гэх мэдээлэл тухайн үеийн Европ, Америкийн төдийгүй Монголын хэвлэлүүдээр шуугиан тарьж байлаа.

Яаж яваад манай түүхийн сор болсон энэ алтан бурхан үнэт эдлэл наймаалагчдын гарт орсныг хэн ч шалгаж тогтоогоогүй өдий хүрсэн.

>

Монголын хэвлэлүүд Парист зарагдсан уг бүтээл Занабазарын Ногоон Дарь эхийн жинхэнэ хувилбар нь мөн, биш, дуураймал гэхчлэн элдэв янзаар мэдээлээд өнгөрснөөс цаашгүй.

1960 оныг хүртэл Ногоон Дарь эх болон Өндөр гэгээний урласан өөр олон бүтээл Богд хааны ордон музейд байршиж байгаад нийслэл, хөдөө орон нутгийн бусад музей рүү тарж алга болсон цагаас хойш уг бурханы жинхэнэ эх хувилбар нь хаа байгаа талаар олон маргаан, таамаг дэвшүүлсээр өдий хүрсэн бөгөөд Сотебигийн Парис дахь салбарынхан дуудлага худалдааны өмнө XVII зууны үеийн “Азийн Микеланжело” буюу Занабазар хийцийн монгол бурхан хэмээн зар тарааж байсныг хэлэх хэрэгтэй.

“Азийн Микеланжело” гэж хэн байв

Тэр бол Чингис хааны шууд угсааны Алтан урагийн хүн буюу Түшээт хан Гомбодоржийн хүү Ишдорж юм.

Тухайн үеийн Монгол улс нь Халх, Дөрвөн Ойрад гэсэн үндсэн хоёр, бусад хэсгүүдэд хуваагдаж байжээ. Монголын улс төрийн амьдралд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэдэг дөрвөн ханы нэг болох Гомбодорж таван настай балчир Ишдорж хүүгээ Түвдийн V Далай лам болон Ванчин Богд нартай нийлж, тэдний гараар Богд Жавзандамба Занабазар хэмээх Монголын буддизмын тэргүүнээр тодруулах ажлыг зохион байгуулахдаа цаанаа улс төр, эдийн засаг, одоогийнхоор бол геополитикийн олон ашиг тусыг тооцоолсон нь дамжиггүй.

Магадгүй өнөөгийн улстөрчдөд дутагддаг эх оронч үзэл санааг зүрх сэтгэлдээ шингээсэн Түшээт хан балчирхан хөвгүүнээрээ бамбай хийж, монгол түмнийхээ тусгаар тогтнол, эв нэгдлийг авч үлдэнэ гэж тооцсон ч байж болох.

Юутай ч тэртээ дөрвөн зууны өмнө буюу 1640 онд тодорсон тэр жижигхэн хувилгаан ирээдүйн Монгол орон, тэр дундаа халх түмний хувь заяаг дур мэдэн шийдсэнийхээ төлөө түүхэнд Манжид дагаар орсон хэмээн зэмлүүлэхийн зэрэгцээ олон арван бурхан, төрийн далбаанд заларсан соёмбо үсэг зэргийг зохиосон соён гэгээрүүлэгч, урлан бүтээгч, шашин-улс төрийн зүтгэлтэн болон түүхнээ мөнхөрсөн юм.

Манжид дагаар орохдоо бурханы шашны винайн ёсыг сахисан

Эцгийгээ нас барснаас хойш Занабазар, түүний ах, шинээр Түшээт ханд өргөмжлөгдсөн Чахундорж нар Халх Монголын хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүд болж тодрон гарч ирсэн гэдгийг олон түүхчид тэмдэглэдэг. Гадаад, дотоодын түүхийн олон эх сурвалжид Чахундорж, Занабазар нар Манжийн Энх-Амгалан хаантай эвсэг найрсаг харилцаатай байхыг хичээж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Гэвч тэдний энэ уян хатан, зарим талаар хэт зөөлөн гэж хэлж болох улс төрийн бодлого нь мөн л эцгийнхээ орыг залгамжилж Баруун Монголын хаан болсон багын анд, өнөөх гурилан бурханы толгойг залгидаг Галдан Бошигтод огтхон ч таалагдаагүй гэдэг. Монгол түмний хувь заяаг шийдсэн эдгээр хүмүүс хоорондоо хэл амаа ололцохгүй явсаар 1667 онд Халх-Ойрадын дайн болон хувирчээ.

1668 оны намар одоогийн Дундговь аймгийн нутагт Чахундорж, Галдан нар шийдвэрлэх тулаан хийж, халхууд ялагдсан түүхтэй. Түүхнээ Олгой нуурын тулалдаан хэмээн нэрлэгдсэн энэ тулааны дараагаар Чахундорж, Занабазар нар олон арван мянган өрх айлыг дагуулан Манжид дагаар орсон байдаг. Зарим эх сурвалж ах, дүү хоёрыг дагаж Халх- Монголын хүн амын хамгийн амьдрах чадамжтай, чинээлэг хэсэг нь харьд очсон гэж үзэх нь бий.

Харин хувь хүний сэтгэл зүйн талаас нь ах Чахундорж аргагүйн эрхэнд амиа хоохойлж Манжид урвасан, энэ хүн угаасаа Манжийн хаанд талтай нэгэн байсан гэхчлэн тайлбарладаг судлаачид байдаг бол Занабазарын бурханы шашныг дээдлэн сүсэглэдэг аядуу зөөлөн зан араншин нь олон хүний амийг илдний ирэнд дэмий үрэхээс зүрхшээж, винайн ёсыг сахихыг хүссэн хэмээн үздэг түүхчид ч бий.

Мөн зарим судлаачид ах, дүү хоёрын энэ үйлдлийг монгол үндэстэн, тэр дундаа Чингисийн шууд угсаа болох халхуудын удам угсааг хэвээр нь авч үлдэхийн тулд тухайн нөхцөлд байдалд үүнээс өөр арга олдоогүй хэмээн өмөөрч тайлбарладгийг ч хэлэх хэрэгтэй. Юутай ч 40 насны босгыг дөнгөж шүргэж явсан Занабазарын энэ үйлдэл өнөөдрийн Өвөр Монгол хэмээх бидэнтэй цус нэгтэй хүмүүсийг дэлхийн тавцанд бий болгосон түүхтэй.

Ногоон Дарь эхийг Аминагаас гадна мөөмний ээжийгээ бодож бүтээсэн байж болох

Ишдорж буюу Өндөр гэгээнийг 1635 оны намар одоогийн Өвөрхангай аймгийн Есөн Зүйл гэдэг газар Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Түүнийг төрсний дараа Чингис хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээх домогтой адилхан нэгэн ам яриа ард олны дунд яригдаж үлдсэн байдаг.

Учир нь Ханджамц хатанд бараа болдог эгч, дүү хоёр зарц эмэгтэй байжээ. Гэтэл Ишдоржийг төрсний дараахан дүү эмэгтэйн хөхнөөс арвин их сүүн асгарчээ. Занабазар хөвгүүн зарц эмэгтэйн тэр их арвин сүүг зооглож өссөн тул тийм их эрдэм номтой, ухаалаг, бас энэрэнгүй сэтгэлтэй хүн болж өссөн гэх.

Тиймээс ч гоо зүйн өндөр мэдрэмжтэй, эх хүний ачлал энэрэл, үзэсгэлэнт төрхийг нь хүндэтгэн биширдэг болж төлөвшсөн тэр залуу Ногоон Дарь эхээс эхлээд эмэгтэй хүнийг магтан алдаршуулсан нэг бус бурханыг урлан бүтээсэн нь дамжиггүй.

Сүүлийн үеийн зарим урлаг судлаач нар уг алдарт бүтээлээ Өндөр гэгээн маань дурлалт бүсгүй Аминагаас гадна мөөмний ээж болох зарц эмэгтэйг сэтгэл дотроо төсөөлөн бодож урласан байж болох талтай. Ногоон Дарь эх залуухан бүсгүй шиг гэхээсээ илүүтэй намба суусан эх хүний төрхийг илэрхийлсэн байдаг нь үүнтэй холбоотой. Магадгүй тэр зарц эмэгтэй энэ агуу хүний жинхэнэ ээж нь байж уу дээ гэдэг таамгийг дэвшүүлж байгаа юм.

Монголчууд бидний төдийгүй дэлхийн соёлын өвд шилдэгт тооцогдох бүтээлүүдийг урлан үлдээсэн “Азийн Микеланжело” буюу Өндөр гэгээн Жавзандамба Занабазар хутагт 1723 оны хавар 89 насандаа Бээжингийн Шар Сүмд учир битүүлгээр жанч халж, насан эцэслэсэн гэдэг.

Тэр ирээдүйдээ өвлөж үлдээсэн гайхалтай хосгүй өв болох монгол эмэгтэйн бурхан нь арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэхийн зэрэгцээ итгэж найдсан хойч үе нь түүнийг нь ор сураггүй алга болгож, үгүй хийж орхих юм чинээ төсөөлөө ч үгүй биз ээ.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

By updown

3 thoughts on “Монгол эмэгтэйг дэлхийд мөнхөлсөн “Азийн Микеланжело””
  1. Монголчууд минь 400 гаруй жил хүний хийсэн урлагийн бүтээлд мөргөсөнөө одоо мэдэж ав. Шарын шашин угаасаа манай шашин биш байсныг мэдэж ав. Одоо тэгээд түрийвч далладаг Саран авгайд итгэдэгээ болиоч

  2. Мухар сүсэгтэнүүд мөргөдөг болохоос Ногоон Дарь эх агуу урлагийн бүтээл шүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн