Цахим орчинд таны хүүхэд ердөө 150 найзтай байх боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааны дүн нотолжээ. Гэтэл фэйсбүүктээ дор хаяж 3000 найзтай байдаг нь гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг. Ялангуяа охид танихгүй хүнтэй найз болж итгэснээс нүцгэн зургаа явуулах улмаар дарамт сүрдүүлгэнд орох тохиолдол цөөнгүй.
Хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийдэг 32 настай Г гэгч нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насны охидтой дотно харилцаа үүсгэж, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлэн шалгаж байгаа юм. Мөн Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж, бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан байна. Шалгалтаар түүний утсанд 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.