НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод “Нийслэлийн өмнөх удирдлагууд Казахстаны Элчин сайдын яамны шинэ байр барих газрыг давхардуулан олгосноос маргаан үүслээ. Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой болсон. Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхэд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.
Гэхдээ шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцсоны дараа дэмжлэг үзүүлэх болно” гэлээ. Түүнчлэн Казахстанд ирэх зургаадугаар сард болох “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн “Экспо-2017” арга хэмжээнд 21 аймгийн ИТХ-ын дарга нарыг Нар, салхины эрчим хүчийг ашиглах, технологи, соёл урлагийн ололтын талаар туршлага судлуулах зорилгоор айлчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимович “Газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Астана хотноо болох “Экспо 2017” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бидний зүгээс шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. “Экспо 2017”-д 100 орон, 10 олон улсын байгууллага оролцоно. “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд үзэсгэлэнгийн барилгыг ухаалаг технологи, ухаалаг зогсоолын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн дата мэдээллийн төв зэрэг хамгийн шинэ технологийг ашиглан барьж байгаагаараа онцлог юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.