Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоос 2018 онд ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгүүлэхгүй болохыг Нийслэлийн байгаль орчны газраас мэдэгдлээ.
Хуульд зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Иймд иргэн та байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ойн дагалт баялгийг хууль журмын дагуу, тогтоосон хэм хэмжээгээр, боловсорч гүйцэсний дараа буюу зөвшөөрсөн хугацаанд түүж, бэлтгэхийг зөвлөн, анхааруулж байна.
Ойн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.12-р хэсэгт “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлдэг гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэв.