“ДЦС-4” ТӨХК-д гарсан ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл цахилгаангүй болсон. Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлээд байгаа. Товчхондоо салбарын сайд үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хариуцсан инжинер хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа бол Ц.Ням-Осор дарга тог тасарсан ажлын хариуцлагыг зөвхөн инженерт тохох ёсгүй хэмээн үгүйсгэж байгаа юм. Тэд өчигдөр Төрийн ордонд таарч маргалджээ.
Ц.Даваасүрэн сайд “Чи тэр инженертээ хариуцлага тооцоход яадаг юм. Тэр хүн чинь алдаа гаргаж байгааг ойлгож байна уу, чи” гэсэн бол Ц.Ням-Осор “Тэр асуудлаа өөрөө оруулаад шийдүүлээч” гэсэн байна. Мөн үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн турбинд 2018.01.08-нд гарсан гэмтэлтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын 2018.01.25-нд гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай а/317 дугаар албан бичиг ирүүлсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018.02.07-ны А-1/387 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэх талаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-д удирдамж өгсөн. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх, албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг 2018.03.11-нээс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Эрчим хүчний сайдын 2018.03.20-ны а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд санал болгосны дагуу түр томилон ажиллуулах чиглэлийг Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-д өгч 2018.03.22-ны дөрөвдүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын дагуу холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга ЭХЯ, дөрөв нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид байна” гэжээ.
1 comment
даваасүрэн сайдын зөв