Авто спортын олимп гэгдэх Дакар ралли нь 1979 оноос өдийг хүртэл жил бүр зохион байгуулагдаж, дэлхийн олон улсын авто спортын тамирчдын чансаа, эр зоригийг нь сорьсоор ирсэн. Манай улсаас энэ тэмцээнд удаа дараа оролцож, хамгийн сүүлд 2015 онд ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Ч.Анар мото ангилалд, жийп ангилалд ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар дэлхийн шилдэгүүдтэй эн зэрэгцэн чансаагаа сорьсноос хойш Монголын тамирчид дахин тэмцээнд оролцоогүй, буухиа тасарсан байна.
Ийнхүү тэмцээнд оролцох тамирчдын буухиа тасарсан нь эдийн засгийн хямралаас үүдсэн санхүүжилтийн бэрхшээлтэй холбоотой гэж хэлж болох юм. Учир нь Дакар раллид оролцож байгаа манай тамирчдад дэмжих баг, техникийн туслалцаа дутагдаж байгаа нь мөн л зардал, санхүүжилттэй холбоотойг тамирчид онцолдог. Энэ тэмцээнд оролцохын тулд нэг тамирчин 100 гаруй сая төгрөгийн зардал гаргах шаардлагатай болдог нь жил бүр оролцох боломжийг хаагдуулж байгаа юм. Тэгвэл энэ хүндрэлтэй нөхцлийг хамтдаа даван туулах, Монголын нэрийг дэлхийд гаргах үүднээс авто спорт сонирхогч залуус “Дакар Ралли Монголиа” санг байгуулсан байна. Энэ сан авто спортын олимп гэж хүлээн зөвшөөрөгддөг Дакарын тасарсан буухиаг үргэлжлүүлэх, энэ тэмцээнд оролцох баг тамирчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор ард түмэн, авто спорт сонирхогчдын дунд хандивын аян өрнүүлэхийг зорьж байгаа юм байна.
Энд дуулгахад “Дакар ралли” нь тив дамнасан ралли уралдаан бөгөөд 1979 оноос 2009 он хүртэл Синигалийн нийслэл Дакараас гараагаа эхэлж, 9000 гаруй км замыг туулан эргээд Дакарт бариалдаг уралдаан юм. Харин 2009 оноос хойш Өмнөд Америк тивийн нутаг дэвсгэрт уралдах болсон бөгөөд мэргэжлийн болон сонирхогчид оролцдог дэлхийн хамгийн нэр хүнд бүхий авто спортын уралдаан юм. Монгол улсын тамирчдын тухайд дээр дурьдсанчлан манай улсын тамирчид 2015 оноос хойш тус уралдаанд оролцоогүй бөгөөд 2015 онд улсаа төлөөлөн мотоциклийн ангилалд ОУХМ Д.Болдбаатар, энэ ангилалд спортын мастер Ч.Анар нар оролцож, тус уралдаанд оролцогчдын мөрөөдөл болсон “Finish” медалийн эзэд болж байсан түүхтэй. Түүнчлэн “Дакар ралли-2015”-д монголчууд анх удаа машинаар уралдаж байв.
Монгол Улсынхаа алтан соёмбот далбаа, монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашин 13 өдрийн турш 9000 км замд ажралгүй уралдаж, хүнд шалгуурыг даван тамирчин ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар амжилттай бариалж, “Finish” хийж байсан юм байна. Дакар ралли 2015-ын автомашины төрөлд 143 машин гараанаас гарсан ч 67 машин 13 өдрийн уралдаанаа дуусгаж, харин манай улсын тамирчид амжилтаараа 62 дугаар байрт бичигдэж байжээ. Ийнхүү Монголын тамирчид хоёр жилийн өмнө автомашин, мотоциклийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээн, түүхийг бүтээж байсан бол өдгөө энэ амжилтыг дахин давтах, эх орныхоо нэрийг дэлхийд гайхуулах шинэ тамирчдыг бэлтгэн гаргах, тэдэнд нэр хүнд бүхий тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс Дакар ралли Монголиа сан нээгдэн, ард түмэн, авто спорт сонирхогчиддоо хандан хандивын аян өрнүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Дакар Ралли Монголиа сангийн хамт олонтой холбогдох, тэдэнтэй нэгдэхийг хүсвэл Фейсбүүк олон нийтийн сүлжээн дэх DAKAR RALLY MONGOLIA албан ёсны хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой юм байна.