Уншигч-сурвалжлагч Б.БАТЖАРГАЛ “Найдвар” олон улсын нөхөрлөлийн зохицуулагч, судлаач, орчуулагч
“Уншигч-сурвалжлагч” энэ удаа тэс өөр салбарын хэрнээ нэг нь мэс барьж хүний биед хүрэх дархан эрхтэй эмч, нөгөө нь өвдөж шаналсан хүмүүсийг анагаан тэнхрүүлэхэд бие, сэтгэлээ зориулсан гадаадын, тэр дундаа солонгос эмч нарын орчуулагчаар ажилладаг хэлмэрч залууг уулзуулав. Манай зочин дэлхийн шилдэг мэс засалч, Гавьяат эмч, ЭМЯ-ны мэс заслын ерөнхий мэргэжилтэн, УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн юм. Харин түүнтэй ярилцах үүрэг хүлээсэн “сурвалжлагч” эрхэм бол Б.Батжаргал. Тэрбээр “Найдвар” олон улсын нөхөрлөлийн зохицуулагч, судлаач, орчуулагч мэргэжилтэй. Дэлхийн 39 орноор явж, хилийн чанад дахь дүрвэгсдэд тусалдаг сайн дурын ажлаар нь түүнийг залуус андахгүй.
-Өнөөдөр ням гараг. Гэтэл та ажилласаар л байна. Танд ер нь амрах цаг гардаг уу?
-Эмч хүнд амрах цаг бага шүү дээ. Ялангуяа, тасгийн эрхлэгчийн хариуцлагатай алба бол ажил, амралтын өдөр ялгаагүй. Хагас, бүтэн сайнгүй л өвчтөн хүлээж авна. Энэ бүхэнд оролцож, шийдэх асуудал мундахгүй. Бидний давхар гүйцэтгэдэг бас нэг ажил элэг шилжүүлэн суулгах мэс засал. Одоогоор бид 53 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгах төвд маань яг одоо гурван өвчтөн бий. Ийм байхад тайван амарч, унтах аргагүй шүү дээ. Өчигдөр гэхэд би 06.30, өнөөдөр 08.30 цагт эмнэлэг рүүгээ ирлээ. Ихэнх цагаа энд өнгөрөөдөг. Ер нь эмнэлэг минь миний гэр болчихоод байна. Элэг шилжүүлэн суулгах багийнхан өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш нэг ч өдөр амсхийсэнгүй.
-Үр, ач нар тань танайд ирж, очдог л байх. Гэртээ үзэгддэггүй эмээгээ “Яав, ийв” гэж сураглаж, гомдоллодог уу?
-Ер нь муу эмээ. Гэсэн ч ач нар минь эмээдээ ирэх их дуртай. “Та хэдийд гэртээ байх вэ” гээд л асууцгаадаг юм. Тэдэнтэйгээ ихэвчлэн орой, эсвэл үдээс хойш уулздаг.
-Та эмчээр ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-37 жил боллоо. Энэ хугацаанд мэс заслын эмчээр ажиллахын зэрэгцээ багшиллаа.
-Цаашдаа ч он удаан жил энэ салбартаа ажиллах байх. Энэ их ажлын хажуугаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилдэг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Эмч хүн цаг үргэлж суралцах ёстой. Хэдийгээр би эрүүл мэндийн салбарт 37 жил ажилласан ч шинээр суралцах зүйл алхам тутамд гарч байна. Эмч хүний онцлог энэ юм. Шинжлэх ухаан, технологи өндөр түвшинд хурдацтай хөгжихийн хэрээр бид ч ахиж дэвшин, хөгжих ёстой. Жишээ нь, намайг их сургууль төгсөх үед дурангийн мэс засал Монголд хөгжөөгүй байв. Гэтэл одоо нийслэл төдийгүй бүх аймагт дурангийн мэс засал хийж байна. Энэ чиглэлийн ажилбарт суралцахгүй бол анагаахын хөгжлөөс хоцорчих жишээтэй. Тухайн үед элэг шилжүүлэн суулгах тухай яриа ч дуулддаггүй байлаа. Харин одоо бид элэг шилжүүлэн суулгах ажиллагааг илүү нарийн, боловсронгуй хийхийн төлөө цаг үргэлж суралцаж, боловсорч байна.
-Анагаахын оюутнууд яс “тэврээд” унтах нь холгүй хичээлээ давтаж, суралцдаг гэцгээдэг. Та ч энэ замналаар суралцсан уу?
-Үнэн шүү. Оюутан болонгуут анатомийн хичээл ордог. Энэ хичээлээр бид хүний ясны нүх, сүв болгоныг цээжилж нэрлэн, таньдаг. Дараа нь булчин, шөрмөс, эрхтэн тогтолцоог нь нарийн таньж, мэдэх шаардлагатай болдог. Хүний цогцос тэврээд хэвтэх энүүхэнд (инээв). Яг бодит биет дээр хичээллэхгүй бол ном хараад цээжлэхээр мэдлэг болдоггүй юм. Хүний яс маш нарийн зохилдлогоо, бүтэцтэй. Тэр болгоныг нь ягштал тогтоохын тулд хонуут өнжүүт сууна.
-Та одоо хаана, хаана багшилж байна вэ?
-АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгчээр 15 жил ажиллаад, өнгөрсөн намар шавьдаа ажлаа шилжүүлсэн. Одоо тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж байна. “Оточ Манрамба” гэхчлэн ганц, хоёр сургуульд бас хичээл зааж байлаа. АШУҮИС-ийнхаа оюутан, резидент, магистр, докторуудад хичээл заана. Магистр, докторын ажил удирдана, дээрээс нь тасгаа авч явна, өвчтөнөө үзнэ гэхээр олон газарт хичээл заах боломж, цаг ер гардаггүй.
-Та энэ салбарт олон жил ажиллаж, залгамж халаагаа бэлдсэн болохоор цөөнгүй шавьтай байх. Тоолж байв уу?
-Тоо хэлэх боломжгүй л дээ. Ямартай ч анагаахыг 1982 оноос хойш төгссөн бүх оюутны 80 хувьд нь хичээл заасан шүү.
-Эрхтэн шилжүүлэн суулгах төвд яг одоо гурван өвчтөн бий гэлээ. Одоо ингээд ярилцаад суухад ч өвчтөнүүдээ бодож байгаа байх. Ер нь байнга ийм ачаалалтай ажилладаг хүн стресс, ядаргаагаа хэрхэн тайлдаг бол?
-Эмч хүний стресс амархан тайлагддаг гэж боддог. Үгүй бол өдий хэрийн насалж, ажиллаж чадахгүй л дээ. Үүнийг тайлдаг ганц зүйл нь өвчтөн минь эдгэрээд гарах. Тэнхэрсэн өвчтөн “Баярлалаа эмч ээ. Таны ачаар би хөл дээрээ бослоо” гээд чин сэтгэлийн талархлын үгээ хэлж, ар гэрийнхнийх нь баяр баясгалантай дүр төрхийг харахаар өнөөх стресс, ядаргаа үргэчихдэг юм.
-Тэгвэл эсрэгээрээ эмчийн “зовлон” юу вэ?
-Мэс засалд орсон өвчтөний биеийн байдал дордох шиг хэцүү зүйл үгүй. Янз бүрийн хүчин зүйлээс болоод мэс засал хүндрэх нь бишгүй. Энэ тохиолдолд эмч сэтгэл санаа, бүх анхаарлаа өвчтөндөө зориулдаг. Өглөө сэрэв үү, үгүй юү, өвчтөнөө боддог. Өвчтөн минь овоо дориун болчихсон, царай зүс нь өнгөтэй байвал сэтгэл амраад, нэг сайхан гүнзгий амьсгаа авчихаад, дараагийн ажилдаа ордог доо.
Ер нь элэг шилжүүлэн суулгах мэс засал ямар ч хүндрэл, асуудалгүй дуусна гэж байхгүй. Ямар сайндаа өчигдөр 06.30 цагт ирэх вэ дээ. Энэ бол мэс заслын эмчийн эдлэх ёстой хувь тавилан. Бултах, зугтах аргагүй даалгавар гэж боддог. Хэрэв энэ бүхэнд шантраад, сэтгэлээр унаад байвал сайн эмч болж чадахгүй.
-Ярианы сэдвээ өөрчилье. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ой ирэх баасан гарагт тохиох гэж байна. Тасгийнхаа үүх түүхээс сонирхуулахгүй юу?
-2018 он бидний хувьд түүхэн жил. Монголд мэс заслын алба үүссэний болон мэс заслын ууган тасаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлог. Миний багш П.Даваацэрэн гэж их мундаг, түүх мэддэг хүн байлаа. Багш энэ тасгийн 80 жилийн ойгоор “Мэс заслын ууган тасаг” гэдэг сайхан ном бичиж шавь нартаа өвлүүлсэн. Энэ жил Ц.Ишдорж багш үүнийг нь үргэлжлүүлж “Ууган тасаг 90 жилд” ном хэвлүүлж байгаа.
Энэ номд бичсэнээр бол Монголд анх европ эмнэлгийг 1925 онд байгуулжээ. Улсын анхдугаар их хурлын шийдвэрээр “Шинжлэх ухааны үндэслэлтэй анагаахын эмнэлэг байгуулсугай” гэсэн тушаал гарч байж. Тэгээд тэр эмнэлгээ анх найман ортойгоор байгуулсан. Үүний гурван ор нь мэс заслын тасгийнх байжээ. 1928 онд анхны эмнэлгийн барилгыг 35 ортойгоор байгуулсан түүхтэй юм билээ. Үүний 25 ор нь огтлох, эсгэх эмчилгээний тасгийнх.
Үлдсэн арван ор нь эхнэр хүнийх (эмэгтэйчүүдийнх) болон хамрынх (чих, хамар, хоолойнх) байж. Энэ нь манай тасгийн эх үүсвэр болсон. Тэр үед Оросын эрдэмтэд ирж ажиллаж байсан юм билээ. Монголд үндэсний боловсон хүчин байгаагүй учраас тэднийг ажиллуулахаас өөр аргагүй. Үүнд гойд хувь нэмэр оруулсан хүн бол П.Н.Шастин. Түүний хүү, ач хүү нь ч Монголд ажилласан. Мөн И.К.Мурашенков, В.Т. Глушенко, Н.М.Волынкин гээд Оросын мундаг профессор Монголын анхны мэс заслын албыг гүйцэтгэж байсан түүхтэй.
-Хэзээнээс энэ тасагт монгол эмч нар ажиллаж эхэлсэн юм бэ?
-1938 онд Монголын дөрвөн эмч Зөвлөлтөд төгсөж ирснээс В.Ичинхорлоо, Н.Маня нар Төв больницын мэс заслын тасагт ажилласан. В.Ичинхорлоо бол бас миний багш. Монголд шинжлэх ухааны доктор цолтой мэс засалч эмэгтэй гурав байдаг. В.Ичинхорлоо багш, К.Анаргүль, тэгээд миний бие. В.Ичинхорлоо багшийн шавь нь К.Анаргүль бид хоёр. Багш минь Зөвлөлтөд төгсөж ирснээсээ хойш насан эцэс болтлоо мэс заслын тасагт ажиллаж, энэ албаны ачааг нуруундаа үүрч явсан бахархам хүн. Тэрбээр хүнийг яг компьютер шиг оношилдог байлаа. Тухайн үед ЭХО гэж байгаагүй.
Гэтэл багш өвчтөнтэйгөө сайн ярилцаж, биеийг нь үзээд оношийг нь алдалгүй хэлдэг байв. Хагалгаа хийхэд яг л өнөөх өвчин нь болж таардаг. Ийм л чадвартай, мэдрэхүйтэй хүн байсан. Тухайн үед манай улсад хамгийн их мэс засал хийдэг, өргөн тархсан өвчин нь бэтэг. Өчнөөн хүн энэ өвчнөөр хорвоог орхиж байлаа. В.Ичинхорлоо багш энэ чиглэлээр шинжлэх ухааны докторын ажлаа туурвиж, бэтэг судлалын бие даасан салбар үүсэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэр ч бүү хэл, Монгол бэтэг судлалаар дэлхийд “гарахад” нөлөөлсөн. Үүнд онцгой хувь нэмэр оруулсан миний бас нэг багш бол ард түмэнд цагаан Долгор гэж алдаршсан П.Долгор. Мөн энэ тасгийн эрхлэгчээр ажиллаж байв. Ерөнхий мэс заслын тасгийг одоогийн зохион байгуулалтад оруулсан гавьяатай хүн. Тиймээс манай тасгийг түүний нэрэмжит болгосон.
П.Долгор багш минь боталов цорго нь нээлттэй хүүхдэд хамгийн анх зүрхний мэс засал хийсэн. Элэг тайрах мэс заслыг ч анх гардан хийсэн юм. Ийм сайхан хүмүүс суурийг нь тавьсан учраас бид үйл хэргийг нь өдий зэрэгтэй үргэлжлүүлж байна. Бэтгээс гадна элэг, цөс, нойр булчирхайн мэс заслыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Англи, франц, оросоор унаган хэл шигээ сайн ярьдаг байлаа. Эмнэлгийн гадаад харилцааг ч маш сайн хөгжүүлсэн хүн дээ.
-Танай тасгийнхан дурангийн хагалгааг нэвтрүүлснээр Монголд мэс засал хөгжих эхлэл тавигдсан гэдэг юм билээ.
-1996 онд Монголд дурангийн мэс заслын шинэ технологи нэвтэрсэн нь манай улсад мэс засал хөгжих үүдийг нээсэн түүхэн явдал болсон. Цөсний хүүдий авах мэс заслаар жишээ татъя. Ийм мэс засал хийхэд маш том зүсэлт хийнэ. Үүнээс болоод өвчтөн долоо хоног орноосоо өндийж чаддаггүй. Эдгэрсэн ч сорви үлддэг. Өвчтөн 10-аас дээш хонож байж эмнэлгээс гарч, дор хаяж нэг сарын дараа ажил хийх боломжтой болдог. Харин дурангийн мэс засалд орсон хүн маргааш нь эмнэлгээс гарч, тав хоногийн дараа хэвийн ажиллаж чаддаг. Эдийн засгийн хувьд энэ нь асар их ач холбогдолтой.
Бид америк профессоруудтай хамтран Монголын дурангийн мэс заслын есөн жилийн судалгаа хийж, энэ талаарх өгүүллээ импакт фактор (чансаа) өндөртэй сэтгүүлд хэвлүүлсэн. Хөгжиж буй оронд дурангийн мэс заслыг хөгжүүлж болдгийг бид үүгээрээ дэлхийд баталж харууллаа. 1996-2005 онд дурангийн мэс засал зогсонги байдалтай байх үед Америкийн Ютагийн их сургуулийн профессорууд манайд ирж ажиллан, хот, хөдөөгүй дурангийн мэс заслыг хөгжүүлсэн. Одоо Говьсүмбэр, Сүхбаатараас бусад аймагт дурангийн мэс засал хийх нөхцөл боломж бүрдлээ.
-Түүхэн ойгоо ямар амжилтаар угтаж байна вэ?
-Олон ололт, амжилтаар угтах гэж байна. Монголд төдийлөн хөгжөөгүй булчирхайн мэс заслыг манай Гавьяат эмч, Монголд “булчирхайн” гэж алдаршсан Х.Аюуш агсны шавь Ишдорж, түүний шавь Ганзориг, Отгонбаяр нар хамтраад, дурангаар хийж эхэлж байна. Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хөгжөөгүй үед 300 гаруй хүн гадаадад мэс засал хийлгэсэн байдаг.
Нэг хүн багадаа 150 мянган ам.доллар зарцуулсан гэж тооцоолбол бид багагүй мөнгө гадаад руу урсгасан. Харин одоо энэ бүх зардлыг Монголдоо шингээж байна. Зөвхөн мөнгөтэй, чинээлэг хүн гадаадад эмчлүүлдэг гэсэн ойлголтыг халж чадлаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцдаг боллоо. Ингэснээр монголчууд дэлхийн түвшний эмчилгээг Монголдоо үнэ төлбөргүй авах боломж нээгдсэн.
-Манай эмч, мэргэжилтнүүд элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга барил, ур чадвараар дэлхийд гологдохгүй гэж боддог. Тогоонд нь ажилладаг хүний хувьд юу гэж дүгнэх вэ?
-Хүмүүс янз бүрээр л дүгнэх байх. Би “Боломжийн” түвшинд хүрсэн гэж үнэлдэг. Олон улсын томоохон хурал, зөвлөгөөнд гурван чиглэлийг л онцолж ярьдаг. Тэр нь эрхтэн шилжүүлэх, дурангийн, робот мэс засал юм. Өнөөдөр манайх дурангийн болон эрхтэн шилжүүлэх мэс заслаар муугүй “явж” байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилт гэхэд 91 хувьтай. Энэ нь Бразил, Япон, Америк гэх зэрэг улсынхаас 0.5 хувиар өндөр үзүүлэлт.
-Та анагаахын салбарын залгамж халаа болсон залуучуудын ур чадварт хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Залгамж халаагүй бол ажил урагшлахгүй. Би элэг шилжүүлэн суулгах мэс засалч нараа бэлдчихсэн. Бидний дараагийн үе мэс засал хийгээд эхэлчихлээ. Сүүлийн 10 хагалгааг манай залуучууд бие дааж хийсэн. Ингэлээ гээд бидний амжилт буураагүй. Тэгэхээр бид залгамж халаагаа нэлээд сайн бэлдсэний илрэл болов уу гэж баярлаж сууна.
-Олон шавь төрүүлсэн хүний хувьд чадварлаг эмч, мэргэжилтнүүдээ тав тухтай ажиллаж, амьдрах боломж нөхцөл илүү бүрдсэн гадаад улс руу алдчих вий гэх айдас байдаг уу. Зарим эмч, мэргэжилтэн гадаад руу яваад “алга болчихож” байна шүү дээ. Тэднийг барьж тогтоон, торгоох арга чарга бий юү?
-Миний санаа зовнидог асуудлын нэг бол эмнэлгийн санхүүжилт, эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ, цалин хөлс. Ганцхан жишээ дурдъя. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулж, эмч, мэргэжилтнүүдийг сургахад бидэнд Солонгосын АСАН төвийнхөн 1.5 сая ам.доллар зарцуулаад байна. Зөвхөн манай багийнхныг сургахад шүү дээ. Харамсалтай нь, сураад ирсэн эмч нарын зарим нь өндөр цалин амласан хувийн эмнэлгүүд рүү явчихдаг. Ийм тохиолдол бидэнд өчнөөн байсан. Тэр бүрт нь харамсаж халаглахаас цаашгүй. Ийм тохиолдолд эмч нар, урвуулсан эмнэлгийг нь ч буруутгах аргагүй.
Тухайн эмнэлэг эмчилгээ, оношилгоогоо сайжруулж, хөгжихийн тулд сайн мэргэжилтэн ажиллуулах шаардлагатай. Эмч нар ч үнэлэмж өндөр газарт ажиллахыг бодно шүү дээ. Энэ бол нэг том харуусал. Дараагийн бас нэг бэрхшээл нь багаж тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж. Монголын эмч, мэргэжилтнүүдийг сайн багаж, хэрэгслээр хангаад, хүний гар харахааргүй болгочихвол одоогийнхоос ч ихийг хийж чадна. Үүнийг би хэний ч өмнө хэлнэ. Элэг солилоо гэхэд цөсний замд тавьдаг гуурс шаардагддаг. Бусад оронд энэ гуурс том, жижиг янз бүрийн хэмжээтэй байдаг. Гэтэл манайд ямар ч сонголтгүй нэг ширхэг л бий. “Дараагийн хагалгаанд өнөөх гуурс нь ирэхгүй бол яана” гэж бодоод л шаналах жишээтэй.
-Монгол эмч нарыг гадаадынхан өндрөөр үнэлдэг. Гарын ур, гүйлгээ ухаан, эв дүйгээрээ манай эмч нар илүү санагддаг юм. Нарийн ажилбар дээр энэ чадвараа ашиглан, монголчлох тохиолдол цөөнгүй гардаг уу?
-Хамгийн наад захын жишээ татъя. Бид хэвлийн хөндийн хагалгаа хийчихээд, гуурс тавиад, шингэнээ гоожуулж гадагшлуулдаг. Хөгжингүй орнууд үүнд тусгай вакум соруулга ашигладаг юм. Ийм гуурс олдохгүй болохоор нь бид 20 гр-ын тариураар соруулаад, өнөөхөө тэвхэдчихдэг. Соруулах шаардлагагүй зарим тохиолдолд резинэн бээлий уяад тавьчихдаг юм. “Монголын эмч нар ингэж ажиллаж байна” гэсэн зурагтай мэдээ олон улсын сэтгүүлд хүртэл гарсан байсан. Энэ бол монгол сэтгэлгээ.
-Та бүхэн аль орны эмч нартай хамгийн ойр хамтарч ажилладаг вэ. Тэднээс сурах зүйл болон манай хөрсөнд буух нь юу байна вэ?
-Бид солонгос эмч нартай маш ойр хамтран ажиллаж байна. Манай эмч нар тус улсад очиж, АСАН төвийнхөнтэй хамтран хагалгаа хийдэг юм. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засал яг ийм замаар л хөгжсөн. Мөн америк эмч нартай хамтын ажиллагаатай. Тэд их энгийн, эелдэг. Хүнд үнэн сэтгэлээсээ тусалж, бага зүйлд ч хөрөнгө оруулж хамтран ажиллах сэтгэлтэй. Япончууд бас их тусална. Тэд бидэнд АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг барьж өгч байна. Өөрийн ард түмний татварын мөнгөөр Монголд эмнэлэг барьж өгч буй ийм улс байхгүй шүү дээ. Мөн ОХУ, тэр дундаа Сибирь, Алс Дорнодын эмч нартай нягт холбоотой. Тэднээс суралцах, бас заах ч зүйл бий. Тухайлбал, элэг, цөсний мэс заслын чиглэлээр тэднээс суралцдаг бол эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг бид зааж байна.
-Санаагаар болдог бол та элэг шилжүүлэн суулгах шаардлагатай бүх л хүнийг аврах хүсэлтэй байх. Манай улсад элэгний өвчлөл яагаад газар авчихсан юм бэ?
-Манай улсад элэгний В, С вирусийн халдвар тахал шиг тархсан. 1960 оны эхэн хүртэл олон удаа буцалгаж хэрэглэдэг тариур ашигладаг байв. Айл бүр гэртээ нэг тариуртай. Түүгээрээ хэн өвдсөнөө ээлжлэн тарьдаг байсан нь элэгний вирусийн халдвар тархах нөхцөл болсон. Монгол ахуй, амьдралын онцлог үүнд бас нөлөөлсөн. Гар угаах соёл их хожуу нэвтэрлээ. Өргөн уудам нутагт тархсан элэгний вирусийн халдварыг зогсоож чадахгүй нэг хэсэг явсан. Үүний дараа хөмсөг шивдэг, давхраа оёдог, чих цоолдог, үр хөнддөг хувийн эмнэлэг олноор бий боллоо. Зах зээлийн эхэн үед тэдгээр эмнэлгийн ариутгах ажил сайн байгаагүй.
Халдвар тархах дараагийн нөхцөл нь бодлогогүй байгуулсан хувийн эмнэлгүүдийг цэгцлээгүйтэй холбоотой. Дурангийн мэс засал хөгжсөн энэ үед нарийн багажуудын ариутгалд анхаарахгүй бол бас асуудал үүснэ. Тиймээс В, С вирусийн тархалтыг зогсооё гэвэл дамжих замуудыг нь таслах ёстой. Эдгээр вирус нь бэлгийн замаар ч халдварладаг. Бусад орон ийм вирусийн халдвартай хүнд мэс засал хийхдээ аюулгүй байдлыг маш сайн сахидаг юм билээ. Мэс засалч нь давхар бээлий өмсөж, үүдэндээ “В, С вирустэй хүнд мэс засал хийж байна” гэсэн бичиг өлгөх жишээтэй. Гэтэл бид ийм вирустэй хүнд хагалгаа хийхдээ яг л бусад өвчтөний адил халдвар, хамгааллын дэглэм баримталдаг. Багажаа ч мөн ялгаагүй нэг л стандартаар ариутгадаг. Гэтэл В, С вирустэй хүнд мэс засал хийдэг тусгай, цогц багаж байх ёстой. Ингэж байж бид халдварлах замыг бууруулна. Хангамж нь сайн байвал урьдчилан сэргийлэх боломжтой.
-Засгийн газраас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд анхаарч буй санагддаг. Вирустэй хүнд мэс засал хийхэд ашиглах багаж, хэрэгсэл авах талаар саналаа Эрүүл мэндийн яам, холбогдох газарт нь тавьж байв уу?
-Үеийн үед энэ талаар санал гарган, танилцуулж байлаа. Ялангуяа 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засалд хэрэглэж буй багажийн ариутгалд анхаарахгүй бол болохгүй. Нэг үе сувилагч нар огт бээлий өмсөхгүй тариа хийдэг байв. Одоо бол “Өвчтөнд бээлийгүй хүрч болохгүй” гэсэн шийдвэр гарч, бээлийгээр хангасан. Өвчтэй хүнийг илрүүлж, оношилж, эмчилж болно. Харин одоо эрүүл хүмүүст халдвар тараахгүй, хамгаалахад анхаарах хэрэгтэй байна. Үүнд энэ Засгийн газар анхаарч, ажиллаж байгаа. Эрхтэн шилжүүлэхэд зориулж 2019 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг суулгасан. Бид энэ мөнгийг шаардлагатай багаж хэрэгсэл авахад зарцуулна.
-Таныг эрхтэн шилжүүлэн суулгахад бүх л амьдралаа зориулсан гэж сонсож байлаа. Зөвхөн танай эмнэлэгт л эрхтэн шилжүүлэн суулгаж байна уу?
-Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн. Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг асар өндөр зардалтай, хариуцлагатай ажил. Маш нарийн багаж, тоног төхөөрөмж шаардлагатай. Таван сая хүнд эрхтэн шилжүүлэн суулгах нэг төв байхад хангалттай гэсэн дэлхий нийтийн тооцоо бий. Тухайн улс орон тэр төвөө л дэмжээд, хүмүүсээ сургаад, үйл ажиллагааг нь цэгцлээд явдаг. Ингэсний хүчинд тус төв нь илүү хөгждөг. Энд, тэнд төв байгуулчихвал манай улс шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал орон бүх төвийнхөө үйл ажиллагааг жигд хангаж чадах уу гэдэг асуудал. Мөн хүн ам цөөтэй улсад олон төв үйл ажиллагаагаа 100 хувь, тасралтгүй үргэлжлүүлж чадах уу. Ер нь миний бодлоор усалж чадахгүй байж гурав, дөрвөн мод тарьснаас нэгийг ургуулчихаад тэрийгээ услаад, цэцэглүүлээд сүүдэрт нь суух юм бол илүү сайхан. Манай улс бусад оронтой харьцуулахад элэгний өвчлөл ихтэй учраас энд, тэнд элэг шилжүүлэн суулгах төв байгуулж болох юм. Гэхдээ хэдэн жилийн дараа энэ өвчлөл буурахаар эрхтэн шилжүүлэн суулгуулах хүний тоо дагаад цөөрнө шүү дээ.
-Гэхдээ элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний дараалал их байгаа болов уу. Ачаалал ямар байна?
-Бид сард гурван хүнд элэг шилжүүлэн суулгаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах төв элэгний дөрвөн ортой. Нэг хүн 30 хоног хэвтдэг. Тиймээс сард гурваас олон хүнд элэг шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, элэг шилжүүлэн суулгуулсан хүнтэй нэг сар “ноцолдож” байж хөл дээр нь босгодог. Орныхоо тоонд тааруулахаас гадна эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар амралтгүй ажиллаж байна. Сард үүнээс олон хүнд суулгавал бүр гэртээ харих завгүй болно. Тухайлбал, би гэхэд Ерөнхий мэс заслын тасгийн даргын ажлаас гадна АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, өвчтөнүүдтэй ажиллаад цаг зав тун хомс байдаг. Манай төвийн эмч нар өөр хагалгаанд орж байна. Бусад оронд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар нь өөр хагалгаанд орж, өвчтөн эмчилдэггүй, зөвхөн энэ ажилдаа л анхаардаг.
-Манай улсад донорын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлсэн тохиолдол цөөн гэж сонссон. Ах, дүү нар нэгэндээ бөөрөө өгөх гэхээр таарахгүй тохиолдол гардаг шүү дээ.
-АНУ, Европын оронд тархины үхэлтэй донороос эрхтэн авдаг. ДЭМБ-аас “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн ав” гэсэн чиглэл өгдөг юм. Европын бусад орон хоорондоо нэгдсэн сүлжээ байгуулсан. Тархины үхэлтэй донор гарахад хэрэгцээт газар нь шаардлагатай эрхтнийг тухай бүрт нь өгөөд явуулдаг эрхтэн солилцох холбоо бий болсон. Дээрээс нь тухайн улсын шашны онцлог байна. Эрхтнээ бэлэглэнэ гэдгийг ард түмэн нь ойлгосон байдаг. Нас барсныхаа дараа эрхтнээ өгч, бусдад буян болно гэдгээ иргэний болон жолооны үнэмлэх дээрээ тэмдэглүүлдэг юм. Тийм тэмдэглэгээтэй хүн шууд донор болдог.
-“Нас барсныхаа дараа эд эрхтнээ бусдад өгье” гэж гэрээслэл үлдээх, тэмдэглэгээ хийлгэх боломж манайд бий юү?
-Донорын тухай хуулийг шинэчлэн найруулж, өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас баталлаа. Хуулийн хүрээнд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба байгуулсан. Энэ алба дүрэм журмаа боловсруулан, дуусах шатандаа явж байна. Эрүүл мэндийн картандаа эс, эд, эрхтнээ өгөхийг зөвшөөрсөн тухайгаа дурын эмнэлгээр тэмдэглүүлээд өгч болно.
-Таны гэр бүлд анагаахын чиглэлийн хүн бий юү?
-Би ганц хүүтэй. Хүү минь эмч болоогүй нь миний муутай холбоотой. Ээж хэзээ ч гэрийн бараа харж байгаагүй учраас өөр мэргэжил сонгосон. Харин миний дүү нарын хүүхэд дотор хоёр эмч бий. Манай тасгийнхан ирэх онд нойр булчирхай шилжүүлэн суулгах чиглэлд анхаарч ажиллахаар зорьж байна. Энэ ажил маань тархины үхэлтэй донортой холбоотой. Ийм донор олдоод эхэлбэл нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжих боломж бүрдэх юм.
-Би “Найдвар” олон улсын нөхөрлөлийн зохицуулагчаар ажилладаг. Хилийн чанадад монгол эмч нар очиж, сайн дурын ажил, эмчилгээ, үйлчилгээ үзүүлээсэй гэж боддог юм. Бусад улсаас эмч, сувилагч, аргазүйч, оюутнууд хүртэл очиж ажиллаж байхад манай залуус харагддаггүй. Манай эмч нар ингэж явбал чадна даа. Үүнийг та юу гэж бодож байна. Дэмжинэ биз дээ?
-Манай залууст гадагшаа гарч, сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзэл бий. Манай армийнхан энэ чиглэлд сайн ажиллаж байна. Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох “American college of surgeons”-аас гэрчилгээ олгодог Гэмтэгсдийг аврах, лавшруулсан тусламжийн сургалтад эмч нар маань хамрагдсан. Гай гамшиг, осол болсон газарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэдэг, аль ч улсад сайн дурын ажил эрхлэх зөвшөөрөл бүхий гэрчилгээ олгодог уг сургалт манай улсад нэвтрээд таван жил болж байна. Бид чадлынхаа хэрээр залуусаа сурган, 64 хүн ийм гэрчилгээ авсан.
-Монгол хүн дандаа гаднаас авдаг биш, өгдөг болъё. Би 2014 онд Африкт 10 орны шүдний эмч нартай хамтран ажиллаж байхад ганц монгол эмч очсон. Илүү олон хүн очоосой гэж хүсэж байна.
-Анх энэ сургалтыг явуулах эрхтэй сургагч багш манайд алга байлаа. Таван жилийн өмнө гадаадын 12 сургагч багш ирж сургалт явуулсан. Одоо бид өөрсдөө энэ сургалтыг явуулах эрхтэй болсон. АНУ-ын Ютагийн их сургуулийн доктор, профессор Рей Прайс гэж дурангийн мэс заслыг хөгжүүлсэн гол хүн байдаг. Тэрбээр анх Гэмтэгсдийг аврах, лавшруулсан тусламжийн сургалтыг Монголд явуулах санаачилга гарган, сургагч багш нар авчирсан. Нэг удаа 16 хүн сургадаг. Гэвч үүнээс 5-6 нь л амжилттай төгсдөг. Ингэж явсаар бид 60 гаруй хүнээ сургаж авлаа. Ямар ч байсан таны хүсэж буй тусламжийг үзүүлэх чадалтай залуус Монголд бий. Бид энэ сургалтаа ГССҮТ-ийнхөнтэй хамтран ирэх сард хийнэ. Мөн Өмнөговийн Ханбогд сумын эмч нарыг сургах юм. Ханбогд суманд уул уурхай ихтэй учраас гэнэтийн осол гарч, хүн гэмтэх нь цөөнгүй.
-Би өнгөрсөн хоёрдугаар сард Малави явсан. Тэнд анагаахын сайн сургууль байдаггүй. Солонгос эмч нар тэнд шүдний сургууль нээхээр бэлдэж байгаа. Бид тэнд жижиг хэмжээний мэс засал хийх талаар сургалт явуулж болох уу?
-Манай улсад АШУҮИС-д суурилсан ДЭМБ-ын байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан, Мэс засал, яаралтай тусламжийн зохицуулах төв бий. Тэр зохицуулах төвийн захирлаар миний бие ажилладаг юм. Энэ төвийнхөн мэс засал, ялангуяа эхний хоёр цагт яаралтай тусламжийг яаж үзүүлэх ёстойг зааж сургадаг. Монголын ихэнх суманд бид энэ сургалтаа хийсэн. Монгол, Лаосын яаралтай тусламжийн байдал ямар байгааг харьцуулан судалж, тайлангаа бичин, тус улсад хийх ажлаа эхлүүлсэн. Өөртэй тань хамтран Африкийн улсад тусламж үзүүлэх бүрэн боломжтой.
Бид ийм улсад туслах цаг болсон. Эмч хүн сурснаа бусдад түгээх ёстой. Миний багш, элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд алдартай Сун Ги Ли гэж АСАН төвийн профессор бий. Тэр хүн надад “Дэлхийд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан миний багш, профессор Макүчи “Ли, би чамд элэг шилжүүлэн суулгахыг заалаа. Чи бусдад заана шүү” гэж үүрэг өгсний дагуу би та нарт зааж байгаа юм гэж хэлж байсан. Хамгийн сонирхолтой нь, би 2017 онд Макүчи профессортой зэрэг дэлхийн шилдэг мэс засалч шагнал хүртэж байлаа. Би ч гэсэн багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой биз дээ. Бид дэлхийд ажиллах хэмжээний мэдлэг, чадвартай болсон.
Тэмдэглэсэн Ч.Болор, Ж.Сувдмаа
Эх сурвалж: