Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай, ашигт малтмал. Хэрэв үүнийг зөв ашиглаж, хөрөнгө оруулагчдаа татаж чадвал хямарсан эдийн засаг сэргэх бүрэн боломж байгааг гадны мэргэжилтнүүд онцоллоо. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмены хэлсэнээр Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж, 2.5 хувиар өсөхөөр байгаа аж. Мөн Ази Номхон далайн бүс нутгийн хувьд 2017 онд 3,8, 2018 онд 3,2 хувийн эдийн засгийн өсөлт харагдаж байгаа гэнэ. Тус банкнаас өнөөдөр (2017.04.06) хэвлэлийн бага хурал хийх үеэр манай улсын эдийн засгийн төлөв, ДНБ-ий өсөлтийн таамаглалыг танилцууллаа.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралын байдлаар ДНБ-ий өсөлт 6 хувиар буурсан ч дөрөвдүгээр улиралд нүүрсний олборлолт өссөнөөр эдийн засагт таамаглаж байгаагүйгээр өсөлт гарчээ. Оюутолгойн уурхайн хоёрдугаар ээлжийн санхүүжилтээр манай улсад энэ онд 1,0 тэрбум ам доллар, 2018 онд 1,2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа юм байна.
Манай улсад өнөөдөр Рио Тинто, Туркойз Хилл Ресурс, Петро чайна дачин тамсаг, Пийбоди Винсвэй Ресурс, Арева, Тетис майнинг зэрэг олон улсын үндэстэн дамнасан компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.