Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдсон. Улмаар жолооч нар замын хөдөлгөөний хуулийг зөрчих бүрт тус онооноос хасагдах юм.
Жолоочийн зөрчлийн онооны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Гэрлэн дохио зөрчих, хамгаалах бүсгүй байх, төмөр замын гарах нэвтрэх журам зөрчих, улаан гэрэл дохио зөрчих гэх мэт зөрчлүүдэд бид жолоочийн зөрчлийн онооноос 1-5 оноо хасаж тооцож байгаа.
Тухайлбал, жолооч зам тээврийн осолд холбогдсон нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд 5 оноо хасагдан 100 нэгжээр торгоно. Иргэд service.police.gov.mn/ сайт руу ороод оноогоо шалгах бүрэн боломжтой. Жолоочид торгуулж явсаар зөрчлийн оноо нь дууссан тохиолдол их гарч байна. Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо дуусан бол Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр арга хэмжээ тооцуулна.
Жолооч хамгийн сүүлд зам тээврийн осол гарган 5 оноо хасууллаа гэхэд түүнээс хойш нэг жил дүрэм зөрчөөгүй бол сүүлд хасуулсан оноо /хамгийн сүүлд хасуулсан1-5 хүртэлх оноо/ нөхөгдөх боломжтой. Түүнчлэн жолооч хоёр жил замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргэнэ. Хоёр жил тухайн жолоочийг замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчихгүй хариуцлагатай байлгах гэж урамшуулж байгаа. Дандаа 10 оноотой явах хүсэлтэй жолооч нар байна. 2 оноогоо хасуулчхаад 8 оноотой яана аа гэж байгаа бол ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвд хандан, сургалтад сууж шалгалтаа өгөн оноогоо нөхөж авах бүрэн боломжтой” гэв.