Монголчууд хүссэн ч, хүсээгүй ч нийгэм цаг үеэ дагаад номтой дахин нөхөрлөх болж. Зах зээлийн алтан дүрмээр хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт зайлшгүй байх ёстой. Сүүлийн 30 жилд гандуу байсан нийгмийн хэрэгцээний оюуны цангааг тайлах ачааг цөөн хэдхэн зохиолч, хэвлэлийн компаниуд үүрч ирсэн нь сайшаалтай ч “Сайны хажуугаар саар мундахгүй” гэдэг шиг “нийлүүлэлт зайлшгүй” гэсэн уриатангууд борооны дараах мөөг шиг нэмэгдэх болжээ.
Орчуулгын уран зохиол гэх гоё хавтастай номнууд номын дэлгүүрийн шилдэг борлуулалтын тасгийг дүүргэж, арай хийж дахин ном сөхдөг болж байгаа залуусын тархинд ямар ч хэрэггүй мэдээллийг чихэж байна гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. Монголын томоохон хоёр хэвлэлийн компани л гэхэд нэгнийхээ орчуулж, эрхлэн гаргасан номыг дэлгүүртээ зардаггүй гээд жижиг зах зээл дэх явцуу өрсөлдөөнөөс оюуны салбар хэр булингартсаныг харж болно.
Гэхдээ л монголчууд ном уншдаг болж, номын баяртай ч болж байна. Энэ нь тун сайн хэрэг. Оршлоо нээх учир нь Тодко Самсон хэмээх гадаад нэртэй Монгол залуугийн тухай юм. Өнгөрсөн тавдугаар сард Австри Улсаас түүнийг дөнгөж эх орондоо ирээд байхад нь ярилцаж байв. Ярилцлага маань олон цахим хуудас, сонингийн нүүрэнд нийтлэгдсэн харагдсан.
Тухайн үед би номыг нь ч уншаагүй, үзэл бодлыг нь ч сайн ойлгоогүй, харин нийгмийн сүлжээнд дэвшүүлсэн асуудал, сэдэв нь олон хүний анхааралд байсан болохоор л ярилцсан хэрэг. Энд би түүнийг магтан сайшаах гэсэнгүй. Харин түүний зохиолыг, түүний “Үхэх байсан ч хамаагүй үнэнийг илчилнэ” гэсэн “Вангийн нулимс” романыг товчхон тэмдэглэх гэсэн юм.
Сэтгүүлч хүний өөнтөгч нүдээр ч тэр, уншигч хүний нүдээр ч тэр 560 нүүртэй энэ номноос гишгэл алдсан томоохон эндэл олсонгүй. Ээлжийн амралтын богинохон хэд хоногийг минь үнэндээ энэ ном “дээрэмдсэн” юм. Дэлхийн олон улс оронд өнгөрсөн, одоо, ирээдүй тэр бүү, хэл эрт балрын хэдэн мянганы өмнөх он тооллоор сүлжихээс гадна гадаад, монгол дүрүүдтэй, олон үйл явдлыг чадварлаг бичлэгийн арга барилаар тун ойлгомжтой буулгаж чадсаныг хараад эрхгүй бахархсан.
Орчуулгын бэст гэсэн номоос ч ийм арга барил, ийм хэллэг, ийм үйл явдлыг бараг харж байсангүй. Зохиолч өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Судалж, бичиж байгаа асуудлаа ухна гэж үзүүлж өгчээ гэмээр. Энэ романыг тэрбээр Австри Улсад бичсэн гэсэн. Хамаатан ах маань Вена хотод амьдардаг учир номыг уншиж дуусаад шууд түүнтэй холбогдож “Энэ хүнийг таних уу” гэж асуусан юм.
Тэгэхэд “Тиймээ, өөр хотод амьдардаг. Вена хотод хийсэн өдөрлөг дээр нь очиж байлаа. Хүмүүс сайн, муугаар их ярьдаг юм. Гэхдээ Австри тэр дундаа Европ дахь монголчууд Тодкод их хайртай” гэсэн. Тодко Самсон их уйгагүй, жаахан сонин ч гэмээр характертай. Хүнд өвчтэй эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч, цагаачийн хуаранд ч, хожим хөлөө олсон хойноо ч тэр бичсээр л байсан. “Чамд хэн итгэх юм бэ” романы тэргүүн дэвтэр “Вангийн нулимс”-ыг нээж үзэхээс өмнө Вангийн зэрэг дэвтэй эрхмийн тухай гэсэн бодол тээж байлаа. Гэтэл Ван гэдэг нэртэй хятад эрдэмтэн аж. Нэрнээсээ эхлээд оньсого байв.
Номыг бүхэлд нь уншиж дуусаад “Мань хүн гадаад номоос хуулбарласан болов уу” гэж бодсоноо нуухгүй. Гэхдээ гадаадад ийм зохиол уншиж үзсэн номын хорхойтонтой таарч байсангүй. Байсан бол манайхан хэдийнэ орчуулаад борлуулалтад гаргах байсан биз. “Вангийн нулимс” роман танд бүхнийг өгнө.
Зүгээр нэг адал явдалт зохиол уншиж буй хэрэг огт биш. Алив юмсын үүх түүх, гарал угсаа, яагаад ийн нэрлэсэн, хэн нээсэн, яасан ийсэн гээд л. Сэдэвт хөндөгдсөн байгууллагууд нь зохиогчийг тайван суулгахгүй байгаа сурагтай байсан. “Хүн ухаантай болох гэж 10 ном унших хэрэгтэй. Тэр 10 номоо олох гэж 1,000 унших хэрэг гардаг” гэж үг бий. Ямартай ч Монгол түмний санаж сэрэхийн нэг ухаанаар тэр 10 номын нэг нь энэ мөн гэдэгт итгэлтэй байна. Тодко Самсоны дараагийн бүтээл “Харь хэлээр яригсад” дэвтрийг тэсэн ядан хүлээнэм.
Г.Нацаг-Эрдэнэ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин