Амттай, романтик, хөгжилтэй энэ бохь орчин үед залуусын хайрын зууч болсон. Энэ бохиор хосууд нэгэндээ хайраа илчилж харагддаг. Бохинд байх жижигхэн зургийг цуглуулдаг хэсэг бүлэг байхад тоохгүй хараад л өнгөрөх нь ч бий.Харин та уг зургуудыг зүгээр л бодож байгаад зохиогоод зурсан гэвэл эндүүрч байна. Учир нь…
Энэхүү бохины зургийг анх Шинэ Зеландын хүүхэлдэйн киноны зураач Ким Кассали (Kim Kasali) гэх бүсгүй зуржээ. Ким 19 настайдаа дэлхийг тойрох аяллаа эхлүүлсэн бөгөөд 6 жилийн дараа Калифорниад суурьшиж, Итали залуу Роберто Касалитай (Roberto Casali) танилцсан байна.
Тэрээр эхэндээ өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийн тулд ширээний бүтээлгэн дээр жижгээр ноороглож зурсан гэдэг. Анх зөвхөн нүцгэн охин зурдаг байсан ч сүүлдээ дахин нэг хүү нэмж зурсан байна.
Ким, Роберто хоёр удалгүй Шинэ Зеландад ирж хуримаа хийсэн байна. Роберто, Кимд гэрлэх санал тавих үед тэрээр “Би зөвшөөрч байна. Гэхдээ нэг юмыг амла! Миний аав намайг бага байхад нас барсан. Тиймээс юу ч болж байсан надаас түрүүлж үхэж болохгүй шүү” гэсэн гэдэг. Харин Роберто инээмсэглэн “би хичээнээ” гэжээ.
Ким комикс гаргахаар шийдсэн ба 1970 оны 1 сарын 5-нд “Love is” нэртэйгээр комиксоо хэвлүүлжээ. Комиксийн гол дүрүүдийн нэр нь тодорхой ба энэ тухай номон дээрээ ч гардаг. 1974 онд гарсан дугаар дээрээ хүү, охиноо дуудахдаа “Ким” гэсэн нэрээр дууддаг. Мөн 1971 оны дугаар дээр охин элсэн дээр “R” үсэг зурсан байдаг ба энэ нь мэдээж Роберто гэх нэрний товчлол ажээ.
Ким хэзээ ч өөрийгөө жинхэнэ уран бүтээлч гэж үздэггүй байв. 1981 онд өгсөн нэгэн ярилцлагандаа “Хэрвээ надад сонголт байсан бол би хайрын тухай уянгын дууны зохиогч болох байсан. Хайрын дуу миний сэтгэлд үнэхээр их хүрдэг. Даанч би үүндээ муу. Тиймээс өөрийн мэдрэмжээ арай өөр аргаар илэрхийлэх арга олсон” хэмээсэн байна.
Комикс маш хурдан алдартай болсон бөгөөд одоо зөвхөн сэтгүүл дээр гарах бус хуанли, футболка, аяга зэрэг олон зүйлс дээр хэвлэгддэг болжээ.
“Love is” комик нь хүү, охин 2-ын үерхэж байгаагаас эхлүүлээд гэрлэсэн, хамт өтөлсөн, нас барах хүртэл нь бүхий л амьдралын мөчлөгүүдийг харуулдаг юм.
Комик дээрх бүхий л үйл явдал Ким, Роберто 2-той салшгүй холбоотой аж. 1971 онд тэд хүүхэдтэй болсон ба комик дээрх хоёр ч бас хүүхэдтэй болжээ. Тэд Стефано, Дари гэх 2 хүүхэдтэй болсон ба хүүхдээ төрсний дараа Англи улс руу нүүжээ.
Ким, Роберто 2 хамтдаа аз жаргалтай амьдарч байсан ч энэ нь удаан үргэжилсэнгүй. Учир нь 1975 онд Роберт төмсөгний хорт хавдартай гэж оношлогдсон ба энэ нь аль хэдийн хүнд шатандаа орсон байжээ. Ким комикноосоо илүү нөхөртэйгээ цагаа өнгөрүүлэх болж, хайртыгаа хүнд өвчинтэйгээ тэмцэж байгааг нь харан, хүч өгөхийг хичээж, хамтдаа бүхнийг даван туулна гэх итгэлээр амьдарч байв.
Тэрээр комикоо зогсоохыг хүсээгүй тул Английн хүүхэлдэйн киноны зураач Билл Эспридэд (Bill Espri) уг комикыг өөрийнх нь гарын үсэгтэйгээр цаашид гаргаж байх санал тавьсан аж. Билл ч энэ саналыг уриалгахан хүлээн авсан ба нэмж будан анхны өнгөт комикыг гаргажээ. Мөн ОХУ, Турк, Украйны хэд хэдэн уран бүтээлчид яг ийм нөхцөлтэйгээр цаашид комикыг үргэлжлүүлсэн байна.
Харин Роберто 1975 онд хагалгаанд орсон боловч төдийлөн амжилттай болсонгүй. Хожим Ким ярихдаа “Бид шинэ жилийн бэлэгний талаар ярилцаж байлаа. Би түүнээс надад алмазан шигтгээтэй бөгж хэрэггүй. Зөвхөн хүүхэдтэй болмоор байна гэж хэлсэн. Бид хичээсэн ч хүүхэдтэй болж чадалгүй Роберто нас барсан юм” гэжээ. Роберто 1976 онд 31 насандаа таалал төгсжээ. Харин Робертог нас барахаас өмнө түүний эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалсан аж.
Роберто нас барснаас 6 сарын дараа Ким хөлдөөсөн эр бэлгийн эсээр хиймлээр үр тогтоолгожээ. Энэ талаараа Ким “Роберто бид хоёр, хүүхдүүдээ эмэгтэй дүүтэй болгохыг хүсдэг байсан. Харин алтан гарт эмч нарын ачаар энэ хүсэл биеллээ оллоо” гэсэн байна. Одоо л хүслээ биелүүллээ, хайрт минь байхгүй ч хүүхдүүдээ өсгөн сайхан амьдарч чадна гэж бодож байсан Кимийн амьдралд сүүдэр татуулан орж ирсэн асуудал нь дахиад л хорт хавдар байв. Энэ удаа Ким элэгний хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд тэрээр 55 насандаа хүнд өвчний улмаас нас баржээ. Хайр дурлалыг хөнгөхөн хэрнээ сэтгэл хөдөлгөм байдлаар дүрслэн үзүүлж байсан түүний амьдрал өнгөлөг боловч, дэндүү богино байсан юм.