Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.
Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг өмнө нь хохирогч хүндэтгэх шалтгаантай, Д.Гантулгын өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантай хэмээн хоёр удаа хойшлоод байсан билээ.