Нийслэлийн Налайх дүүрэгт хувиараа нүүрсний цооног гаргаж байсан 17-41 насны дөрвөн залуу амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ хэрэг наймдугаар сарын 31-нд гарчээ. Цооногийн ойролцоох Тоосгоны үйлдвэрийн манаач “Өглөө уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна” гэсэн дуудлагыг Налайх дүүрэг дэх ОБЕГ-ын Аврах тусгай ангийн харьяа уул уурхайн аврах ангид 20.30 цагийн орчимд өгсөн байна. Ингээд дуудлагын дагуу аврагчид ослын газарт очиход нүүрсний ам нээхээр газар ухаж байсан залуус хорт хийнд хордож нас барсан байжээ.