Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жил олон нийтийн дунд оньсого дэгдээсэн. Өнгөрсөн онд энэ хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Хэргийн эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой. Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна” гэж онцлов. ШЕЗ-ийн ХМОНХ-ээс энэхүү мэдээллийг өглөө.