Сэтгэл зүй, сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл засал эмчилгээний чиглэлээр 16 дахь жилдээ дагнан ажиллаж байгаа сэтгэл судлалын магистр, докторант Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Бие махбодийн дархлаа сулрахаас гадна сэтгэл зүйн дархлаа сулрах тухай таны ярилцлагыг сонсож байсан. Сэтгэл нь өвчилсөн байгааг мэргэжлийн бус хүмүүс мэдэх амаргүй. Сэтгэлийн дархлаа сулрахад нийтлэг ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Сэтгэл зүйн дархлаа суларч байгаагийн эхний шинж стрессийг даван туулах чадвар буурна. Сэтгэл хөдлөлөө барьж чадахаа болиод маш эмзэг болж, амархан уурлаж бухимдана. Санаа зовомтгой, эмзэг, ямар нэг айдастай болно. Амархан ядарч сульдан, нойр хямардаг. Түүнчлэн бие махбодийн дархлаа суларч өвчинд өртөмтгий болох мэтийн шинжүүд илэрнэ.
-Сэтгэл хөдлөлөө жолоодох, тайвширч сурах тухайд та манай уншигчдад энгийн зөвлөгөө өгөхгүй юу?
-Ер нь бухимдсан, хүнд нөхцөлд өөрийгөө тайвшруулж сурахад амьсгалын дасгал их тус болдог. Хамраараа гүн амьсгал аваад, хэсэг түгжээд, амаараа гаргаад, дахиад хэсэг амьсгалаа түгжих маягаар хийж хэвшвэл маш үр дүнтэй шүү. Эсвэл дуртай зүйлээ улайран хийж болно. Удаан тайвнаар биш улайран гэдгийг анхаараарай. Тэгсэн тохиолдолд бүх анхаарал хийж байгаа үйлдэл дээрээ төвлөрч чаддаг. Дуу хөгжим сонсох, бүжиглэх, фитнесс, өөр спорт ч юм уу.
Орчин үед хүмүүс йога хийж, ууланд их алхдаг болж. Ном унших нь тайвшруулах маш сайн арга гэдэг. Хүмүүстэй ярилцаж ч болно. Ер нь маш олон төрлийн аргууд байдаг л даа. Өөртөө тохирох аргаа л олох хэрэгтэй. Шаардлагатай гэвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно.
-Манайхан зарим талаараа хөөрүү, сэтгэл зүйн хувьд даган дуурайх, хошуурах хэв маяг давамгай санагддаг. Энэ нь төлөвшөөгүйн шинж үү эсвэл нийтлэг онцлог нь ийм юм уу?
-Ер нь хувь хүний сэтгэл зүй бүлэг буюу нийгмийн сэтгэл зүйгээс ялгаатай. Ганц хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг учраас бусдын нөлөөллийг эсэргүүцэх чадвар харьцангуй өндөр байдаг. Харин бүлэг хүн массын хувьд сүргийн зөн билгээр биеэ авч явдаг. Тийм учраас хэн нэгэн хүчтэй удирдагчийн нөлөөнд орох нь хялбар. Мөн толгой хаашаа сүүл тийшээ гэдэг зарчим аль бүлэгт ч үйлчилдэг.
Харамсалтай нь энэ зарчим хамгийн төлөвшсөн, боловсролтой ард түмэнд ч адилхан үйлчилдэг юм. Нийт өвчний 70-80 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай, эсвэл далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй Танай сэтгэл зүйн төв “Тархиа 101 хувь амжилтад хүргэх гайхамшигт аргууд” нэртэй сургалт хийж байгаа гэсэн.
-Амжилтад хүрэх гэж бүгд хичээдэг ч олон хүнийх мөрөөдөл хэвээр үлдсэн байдаг. Тархи үүнд ямар нөлөөтэй вэ?
-Тиймээ, хүн бүхэн л амжилтанд хүрэхийг хүсдэг. Зарим нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг байхад, зарим улс төрд орж хүчээ үзэн амжилтанд хүрэхийг хүсдэг. Зарим нэг л зүгээр л эгэл амьдралдаа, гэр бүлдээ аз жаргалтай буюу амжилттай байхыг хүсдэг. Гэтэл ихэнх нь хүссэнээрээ байж чаддаггүй.
Тэгвэл манай сургалт хүн бүхэнд өөрийг нь яг хэн бэ гэдгийг таниулж, өөрийнхөө ямар шинжүүдийг өөрчлөх шаардлагатайг нь харуулж, өөрийгөө өөрчлөхөд яг ямар алхмууд хийхийг нь зааж дадлагаар хийлгэснээр өөрийнхөө хүсэж буй амжилтанд хүрэх сэтгэл зүй, сэтгэл заслын гайхамшигтай чадваруудыг эзэмшүүлж, амьдралдаа байнга ашиглан амжилттай, аз жаргалтай амьдрах боломжийг нь илүү их нээж өгөх зорилгоор энэ сургалтаа эхлүүлсэн.
Энэ сургалтын аргуудын ихэнх нь дээр ярьсан NLP-ийн аргууд. Хүний өөрийх нь далд ухамсрын нөөцийг өөрт нь таниулж, түүнтэйгээ харилцах, түүнийгээ ашиглах бодит чадвар олгодгоороо манай сургалт маш онцлог. Тийм ч учраас маш үр дүнтэй. Эхний шавь нар маань сургалтын үр дүнг эхний хичээлээс л эхлэн мэдрээд маш их баяртай байгаа. Хүмүүс ерөнхийдөө хоёр янз байдаг.
Логик сэтгэлгээтэй буюу тархины зүүн тал бөмбөлөгийн үйл ажиллагаа давамгайлсан, төсөөлөл, сэтгэл хөдлөлөөрөө илүү амьдардаг буюу тархины баруун тал бөмбөлөг илүү давамгайлсан гэж. Зүүн тал бөмбөлөг нь илүү ажилладаг хүмүүс шүүмжлэгч, маш цэгцтэй сэтгэдэг, ажилладаг, задлан шинжилгээ сайн хийдэг, цаг хугацаа орон зайн баримжаа сайн хүмүүс байдаг.
Баруун тал бөмбөлөг давамгайлсан хүмүүс мөрөөдөмтгий, сайн төсөөлдөг, зөн билигтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, тооцоо муутай талдаа хүмүүс байдаг. Гэхдээ энэ бол ерөнхий л дүр зураг нь. Хувь хүн дээрээ бол маш их ялгаатай зүйлүүд бий. Тархины аль бөмбөлөг давамгайлсан байдал нь тухайн хүний амьдралын бүх салбар, ажил төрөлд шууд нөлөөлнө. Тусах өвчнүүд нь ч, эмчлэх аргууд нь ч, амьдрал, ажил, хүмүүст хандах хандлагад ч нөлөөлдөг.
-Далд ухамсар гэдэг зүйл хүний амжилтад тийм их нөлөө үзүүлдэг хэрэг үү?
-Ихэнх хүмүүс далд ухамсрын талаар ойлголт мэдлэг сул байна. Далд ухамсар гэдэг нь тухайн хүнийг тодорхойлогч тухайн хүний бүх шинжүүд юм. Хүнийг байгаль, нийгэмд дасан зохицож, эрүүл амьдруулах үүргийг гүйцэтгэдэг хэсэг. Оюун ухаан, далд ухамсар хоёрыг 100 хувь гээд аваад үзвэл оюун ухаан ердөө 4-6 хувийг, далд ухамсар 94-96 хувь эзэлдгийг сэтгэл зүй, сэтгэл заслын салбарын эрдэмтэд нотолдог.
Үнэхээр хүнийг далд ухамсар нь л тодорхойлдог. Эрүүл байх уу, өвдөх үү, амжилттай байх уу, бүтэлгүй байх уу, жаргах уу, зовох уу гэдгийг. Хүн өөрийнхөө далд ухамсрын байдлаас л хамаарч амьдардаг.
-Дийлэнх хүмүүс оюун ухаан л бүхнийг шийддэг гэж үздэг шүү дээ?
-Оюун ухаан бол бодит ертөнцийн бодит мэдээллийг далд ухамсарт оруулах хаалганы үүдэн хэсэгт зогсоод юуг нь оруулах, юуг нь оруулахгүй байхыг шийддэг, өөрийн шалгууртай тэр л хэсэг, буутай харуул гэж би хэлдэг юм. Оюун ухааны харилцааны хэрэгсэл бол бодол, зарим талаар мэдрэхүй, хүн ухаан орсноос хойш ухамсартайгаар эзэмшиж байгаа мэдлэг, ухамсартайгаар хийдэг үйлдлүүд, зориуд хэлж байгаа үгнүүд, зориудаар бодож байгаа бодлууд.
Бусад нь бүгд далд ухамсрынх. Хүн эхийн хэвлийд анх олдсон өдрөөс өнөөдрийг хүртэл хальт ч гэсэн харсан, сонссон, мэдэрсэн бүх мэдээлэл далд ухамсарт оршдог. Урьд нас байдаг бол тэр үеийн, бүр удмын, зарим эрдэмтэд бүр бүх ертөнцийн мэдээллүүд далд ухамсарт байдаг гэж үздэг. Цаг хугацаа, орон зайн хувьд ч мөн адил. Далд ухамсар бол хүний зөн билгийн эх сурвалж. Энэ бол аугаа, хязгааргүй ертөнц.
Энэ ертөнц нь эхийн хэвлийд олдох үеэс нь ямар ч асуудалгүй байсан бол тэр хүн аз жаргалтай, амжилттай амьдарна. Аль нэг үед нь асуудал гарвал дараагийн амьдралд нь ч шууд нөлөөлнө. Амьдралд тохиолдож буй бүхий л нөлөөлөл хүний далд ухамсарт нөлөөлдөг. Үүнээс маш олон нь муугаар нөлөөлдөг. Энэ нь амьдралын бүх салбарт илэрдэг. Ер нь далд ухамсрыг тухайн хүний өөрийгөө зохицуулагч автомат программ гэж ойлгож болно.
Амьдралын бүх нөхцөл байдалд энэ программ дасан зохицох чадвартай боловч удаан хугацааны эсвэл маш хүчтэй сөрөг нөлөө буюу стресс энэ программыг эвдлэх чадвартай. Гэхдээ аз болоход далд ухамсрын бараг бүх асуудлуудыг шийдэх боломжтой. Зарим асуудал богинохон хугацаанд шийдэгдэж байхад зарим хүнд тохиолдолд их хугацаа зарцуулдаг. Сэтгэл засал эмчилгээ энэ ажлыг хийдэг.
-Далд ухамсарт байгаа сөрөг бодлууд, гомдол зэрэг нь хүнийг дотроос нь иддэг гэсэн. Тэгэхээр далд ухамсар яаж цэвэрлэгдэх ёстой юм бол?
-Тийм шүү. Далд ухамсарт байгаа бүх сөрөг бодол, гомдол, мэдрэмжүүд тухайн хүний дотоод ертөнцийг эзэмдэх хандлагатай байдаг учраас тухайн хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг, бүр амьдралыг нь сүйрүүлэх тохиолдол ч байдаг. Гэр бүлийн зөрчлүүд ч гэсэн гэр бүлийн гишүүдийн далд ухамсрын зөрчлүүд л байдаг. Ийм хүмүүст маш хэцүү байх боловч тэр яг юу хийх, яахаа, хэнд хандахаа мэддэггүй.
Сэтгэл зүйн шалтгаант бие махбодын өвчин, өөрчлөлтүүд ч маш их. Нийт өвчний 70-80 хувь сэтгэл зүйн шалтгаант болон далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үздэг. Үүнд ходоод 12 хуруу гэдэсний шарх, бамбай булчирхай, хоёр хэв шинжийн чихрийн шижин, зүрхний бах (стенокарди), сэтгэл зүйн шалтгаант даралт ихсэх өвчин, мигрень буюу толгойны өвдөлт гэх мэт. Далд ухамсрын түвшний өвчин эмгэгийг эмчлэх гол эмчилгээ бол сэтгэл засал эмчилгээ байдаг, сэтгэл зүйн зөвлөгөө бол нэмэргүй. Сэтгэл засал эмчилгээ нь олон янз танин мэдэхүй төрх үйлийн, гештальт, НЛП, төсөөллийн, үгээр өөрийгөө ятгах, ховс эмчилгээ гээд олон төрөлтэй.
-Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ямар зовлон ярьж ирдэг вэ?
-Хамгийн түгээмэл асуудал нь өнөөгийн нийгмийн ч гол бэрхшээл болж таарах байх? Манай төвд өдөрт дунджаар 6-7 хүн ханддаг. Дийлэнх нь амьдралын аль нэг үедээ авсан хурц эсвэл архаг стрессийн шалтгаант өвчин болох сэтгэл санааны хямрал, айдас, түгших эмгэг, сэтгэл гутрал мэтийн сэтгэцийн болон сэтгэцийн завсрын эмгэгүүд. Стресс, нийгмийн стресс яах аргагүй тулгамдаж буй хамгийн том асуудал.
Стрессийн талаар ойлголтгүй, стрессээ тайлах чадваргүй байдал нь дийлэнх хямрал, өвчин, зовлонгийн суурь болж байна. Тийм болохоор улс орны, байгууллагуудын удирдлагууд, хувь хүмүүс өөрсдөө ч стресс менежментэд онцгой анхаарах шаардлагатай байна. Ард түмэн өвчлөх нь ард түмний мөхлийн суурь байдаг. 20 зууны эхэн, дунд үед Монголчуудын дунд бэлгийн замын халдварт өвчнүүд аюул болж байсан бол өнөө үед яах аргагүй стресс аюул болоод байна.
Хүмүүс харамсалтай нь өөрийгөө мэдэрч, сэтгэл зүйн хувьд эрүүл байна уу эсвэл ямар нэг асуудалтай болж байна уу гэдгээ мэдэрч чаддаггүй. Тийм учраас асуудлаа, өвчнөө хүндэрчихсэн хойноо ирдэг. Гэр бүлийн асуудлын хувьд ч заримдаа асуудлаа хүндэрчихсэн хойно эсвэл засах боломжгүй тохиолдлууд ирдэг. Харамсалтай нь мансууруулах бодисын хэрэглээ хүүхэд залуучуудын дунд нэмгдэж байна.
Тийм хүүхэд залуучууд ч хааяа ирнэ. Ер нь хүний сэтгэлтэй холбоотой бүх асуудлаар л хүмүүс ирдэг дээ. Хамгийн хэцүү асуудлуудын нэг бол яах аргагүй буруу хүмүүжлийн золиос болсон хүүхдүүд. Аав ээж үр хүүхдийн үл ойлголцлын асуудлууд. Зарим аав ээж өөрсдийгөө бүхнийг мэдэгч гэж бодчихоод хүүхдүүдээ ойлгож чадахгүй, ойлгохыг ч хүсэхгүй, бүх бурууг хүүхэд рүү гээ чихэж байна. Гэтэл асуудлын гол эзэн өөрсдөө болох тохиолдол маш их байна.
Миний хэлэх дуртай үг байдаг юм. “Эцэг эх болох амархан харин эцэг эх байх хэцүү” гэж. Одоо харж байхад эцэг эх байх урлагийг эзэмшсэн аав ээж л хамгийн аз жаргалтай гэр бүл урлаж чадаж байна. Залуу гэр бүлүүдэд л энэ урлагийг сургах юмсан гэж маш их боддог. Мөн харилцах урлагийг хүмүүс заавал эзэмших шаардлагатай байна. Харилцааны наад захын ойлголтгүйгээс, хүмүүс “БИ” дээрээ хэт тавьчихаад бусдыг ойлгохыг хүсэхгүй, за, магад, мэдлэггүйгээсээ, бас мэдэхийг ч хүсдэггүйгээсээ болоод бусдыг, хамгийн гол нь ӨӨРИЙГӨӨ зовоож амьдарч байгаа мэдэхгүй, ойлгохгүй л байна.
Тийм болохоор “Та өөртэйгөө хамгийн түрүүнд танилц, өөрийгөө хамгийн сайн танин мэд” гэж хүмүүст би байнга хэлдэг. Хүн өөрийгөө мэддэг гэж боддог боловч яс юман дээр тийм биш л байдаг. Улс төр бизнесийн хувьд амжилттай яваа хүмүүсийн хувьд ч мөн адил.
-Судалгаа, ажиглалтаас харахад өндөр амжилтанд хүрсэн хүмүүс сэтгэл зүйн хувьд ямар нийтлэг давуу талтай байдаг бол?
-Амжилттай амьдарч байгаа хүмүүстэй харилцахад үнэхээр таатай. Тэд хувь хүн гэдэг утгаараа өөр өөр ертөнц, хатуу, уян хатан, муухай ааштай, эелдэг гээд л янз бүр байх боловч яах аргагүй нийтлэг шинжүүд бий. Тэд бүгд сэтгэл зүйн хувьд хүчтэй, зорилгодоо үнэнч, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй, ямар ч бэрхшээлээс шантралгүй тэмцэгчид байдаг. Чөлөөтэй сэтгэдэг, аливаа зүйлээс айдаггүй, ямар ч асуудал байсан шийдэх эр зоригтой байдаг нь харагддаг.
Манайд хүртэл ирэхээс айдаггүй./инээв/ Зарим хүмүүс сэтгэл засалчид очсон юм чинь ямар нэг асуудалтай, бүр сэтгэцийн асуудалтай гэж хүмүүс хэлнэ гэхээс айдаг хандлага байгаа. Гэхдээ энэ бол тийм биш хүн өөрөө асуудлаа шийдэж чадахгүй л байвал мэргэжлийн хүний тусламж авсан нь дээр.
Гадаадад бараг хүн бүр л сэтгэл зүйч, сэтгэл засалчид ханддаг. Гэхдээ манайхан нэг үеэ бодвол арай өөр ханддаг болоод байгаа. Ер нь тухайн хүн амьдралынхаа зарим салбарт л амжилттай байдаг нь харагддаг юм. Бизнес, улс төрд амжилттай байлаа гэхэд, гэр бүлийн амьдрал, хүүхдүүдийн хүмүүжил эсвэл бусадтай харилцах харилцаа доголдож байх шижээтэй. Гэр бүл нь аз жаргалтай байлаа гэхэд санхүүгийн асуудалтай байна.
Амьдралынхаа бүх салбарыг жигд авч явдаг хүн л хамгийн аз жаргалтай байдаг. Дээр дурьдсан НЛП-ийн аргууд амьдралын бүх салбаруудын тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн тусгай аргуудтай. Амжилттай хүмүүсийн бас нэг онцлог бол тэд аливаа зүйлийг төгс хийхийг эрмэлздэг, маш хариуцлагатай. Гэхдээ төгс байдлын комплекстэй буюу перфекционист хүмүүс бас сул талуудтай. Тэд бүхнийг төгс байлгах гээд байдаг.
Тийм байдлаасаа болоод бухимдаад, бүр сэтгэл зүйн хувьд уначих эрсдэл ч бий. Зарим нь уначихсан хойноо манайд ирдэг. Хүмүүс, нийгэм, амьдрал өөрөө хэзээ ч төгс биш шүү дээ. Гадны улс төрчид мэргэжлийн сэтгэл зүйч, имижмейкер гээд мэргэшсэн экспертүүдийг дэргэдээ ажиллуулж зөвлөгөө авдаг.
-Сэтгэл зүйгээ жолоодох нь улс орныг удирдахад мэдээж гол түлхэц болж таарна. Та улс төрчдөд голлон юу гэж зөвлөдөг вэ?
-Тиймээ, улс төр яах аргагүй хүмүүстэй, масс буюу ард түмэнтэй шууд ажилладаг мэргэжил. Гадаадад улс төрчийн сэтгэл зүйн төлөвшилд, ялангуяа лидерүүдэд, залуу боловсон хүчинд асар их ач холбогдол өгч ажилладаг. Үнэхээр улс төрч хүн хол явья гэж бодож байвал сэтгэл зүйг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн өөрийнхөө сэтгэл зүйг маш сайн удирдаж чаддаг байх хэрэгтэй. Улс төрчид хичнээн хүчтэй хүмүүс байдаг ч гэсэн өнөөдөр сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг, мэдлэг дээр суурилсан чадвар, дадал зайлшгүй хэрэгтэй.
Гадаадад мэргэшсэн улс төрчдөд мэдээж дээрхи чадварыг зохих хэмжээнд эзэмшүүлдэг. Харин манай зарим хүмүүс эдгээр чадварыг арай л эзэмшээгүй байдаг нь тэдний өгч байгаа ярилцлага, биеэ авч явж байгаа байдлаас нь харагддаг л даа. Улс төрчид мэдээж мундаг хүмүүс. Гэхдээ бие махбодь, сэтгэцийн ямар нэг өвчин эмгэг тусах, сэтгэл зүйн асуудал тулгарах, хэн нэг нь өвдөх, нас барах, ажил төрөл нь бүтэлгүйтэх гээд хүн л юм чинь тэдэнд бусад хүмүүст тохиолддог асуудлууд тулгардаг. Сонгууль бол тэр чигээрээ сэтгэл зүйн дайн.
Энэ өрсөлдөөнийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Энэ дайнд өөрөө маш тайван, цэгцтэй, тууштай байж, маш зөв харилцаж, ард түмэнд нөлөөлж, өөртөө татаж, ард түмэнтэйгээ нэгдэж чадсан нь ялна. Үгүй бол ялагдана. Улс төрчдийн оюун ухаанаас гадна тэдний далд ухамсар дээд зэргээр эергээр дайчлагдсан байж л ялна. Ямар ч тохиолдолд улс төр бол хамгийн стресс ихтэй ажлуудын нэг.
Улс төрчид мэдээж стресст маш тэсвэртэй байдаг л даа. Гэсэн хэдий ч тэд сэтгэл зүйгээ бүр илүү, бараг мэргэшлийн түвшинд удирдаж сурах хэрэгтэй гэж би боддог. Дотооддоо ялсан ч дэлхийн хэмжээнд улсаа авч явахын тулд дэлхийн хэмжээнд өөрийгөө, сэтгэл зүйгээ удирдаж, гадаадын хэн ч байсан тэгш харилцаж улс эх орныхоо эрх ашгийг хамгаалах чадвартай байх ёстой.
-Улс төрчдийн хиймэл багтай, нийтлэг дүр төрхөөс та юу олж хардаг вэ?
-Харамсалтай нь өөрөөрөө байж чаддаггүй хүмүүс багтай, зарим нь маш зузаан, маш олон давхар багтай амьдардаг. Хүмүүс нас болон нийгмийн түвшин өсөх тусам зүүсэн баг нь зузаардаг. Нийгмийн амьдрал тэднээс багтай амьдрахыг шаарддаг. Тийм хүмүүс өөрийнхөөрөө, мөн чанараараа байж чаддаггүй учраас өөрийгөө бараг л алхам тутамдаа хянаж амьдардаг. Тийм хүмүүсийн дунд үнэхээр аз жаргалтай хүн байх нь маш ховор.
Ер нь боломжгүй л дээ. Багтай хүмүүс нийгэмд, хүмүүстэй харилцахдаа хуурамч, тэр нь мэдэгдээд байхад тэрийгээ мэддэггүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй. Харамсалтай нь хэт шударга, эх оронч дүр эсгэдэг баг ч бас бий. Тэд боломж л олдвол, шаардлагатай, шаардлагагүй газар өөрийгөө дөвийлгөхийг хичээдэг.
-Бухимдлаа шууд илэрхийлээд, Жириновский шиг ус цацаад байх нь баггүй өөрийхөөрөө байгаа хэрэг үү эсвэл?
-Ер нь тийм үйлдэл хийж байгаа хүмүүс хэд хэдэн шалтгаантай. Зарим нь үнэхээр өөрийгөө ертөнцийн төв гээд бодчихсон хүмүүжил төлөвшлийн асуудалтай. Эсвэл ямар нэг бодлоготойгоор, магад олны анхаарлыг улс төрийн зорилготойгоор өөр дээрээ татахын тулд тийм үйлдэл хийдэг. Зарим нь магадгүй гэнэтийн сөрөг сэтгэл хөдлөл болох уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж тийм үйлдэл хийдэг.
Сэтгэцийн эмгэг судлалд үүнийг үл ялих зовлонт үйлдэл гэдэг. Neuro-linguistic programm гэж хүний оюун бодолд нөлөөлөх, нэг талаар ховсдох технологийг гадны улс төрчид эзэмшдэг болсон талаар сонирхон уншиж байлаа. Энэ аргыг Обамаг тун гаргууд эзэмшсэн гэх юм билээ? -NLP бол яах аргагүй сэтгэл судлал, сэтгэл засал эмчилгээний шилдэг аргуудыг багтаасан сэтгэл заслын хамгийн залуу салбарын
нэг. Орчин үед NLP-г улс төр, бизнес, харилцаа, анагаах ухаан гэх мэтчилэн амьдралын бараг бүх салбарт ашиглаж байна. Үнэхээр ч үр дүнтэй нь харагддаг. Яагаад гэвэл би практиктаа NLP-ийн техникүүдийг байнга ашиглаж байна. Тухайлбал, өөрийгөө удирдах чадвар эзэмшүүлэх, бусдыг таньж, бусдад нөлөөлөх чадвар эзэмшүүлэх, бусадтай хамгийн үр дүнтэй аргаар харилцах, ямар ч асуудлыг олон талаас нь харах, асуудалд дасан зохицох мэтийн амьдралын ямар ч нөхцөл байдалд дээд зэргийн үр дүнтэй ажиллах дадлыг эзэмшүүлэхэд NLP маш их анхаардаг.
-Биеийн хэлэмж нь хүнийг үггүйгээр илэрхийлдэг гэдэг утгаараа олны өмнө ил гардаг хүмүүс юуг анхаарууштай вэ?
-Биеийн хэлэмж харилцаан дахь мэдээлэл солилцооны хувьд 55 хувийг эзэлдэг, дууны өнгө аяас 38 хувь, үг ердөө 7 хувийн үүрэгтэй шүү дээ. Тийм болохоор хүний биеийн хэлэмжээр тэр хүнийг бодлыг шууд уншиж болно. Яагаад гэвэл биеийн хэлэмж, дууны өнгө аяс бол далд ухамсрын түвшний харилцааны хэрэгсэл юм.
Тусгай бэлтгэлгүй хүмүүс, улс төрчид үүнийг мэддэггүй болохоор биеийн хэлэмж, дууны өнгө аясаа удирдаж чадаагүйгээсээ болоод алдаж, ард түмэнд нэр хүндээ алдаж байсан улс төрчдийг би харж байсан. Дэлхийн улс төрийн түүхэнд ч ийм жишээнүүд маш их. Тухайлбал, Билл Клинтон Моника Левинскитэй холбоотой шуугиан дэгдсэний дараа нэг хурал дээр өөрийгөө барьж өгсөн хөдөлгөөн хийсэн нь тухайн үед олныг шуугиулж байсан.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин