Дэлхий даяар жилд 50 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Зөвхөн 2016 онд гэхэд 59 сая хүн амь насаа алджээ. 2017, 2018 онд нас барсан хүмүүсийн судалгааг өнөөдрийн байдлаар аль нэгэн байгууллага гаргаагүй байгаа юм. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн төрөлхтөнийг нас баралтанд хүргэж буй арван гол шалтгааныг судалж, тогтоожээ.
Нэг.
Хүмүүс үй олноороо үхэж буй хамгийн ноцтой шалтгаан ямар нэгэн дайн байлдаан, газар хөдлөлт, байгалийн гамшиг биш, харин уушигны хорт хавдар аж. 2016 онд дэлхий даяар энэ төрлийн хорт хавдраас болж гурван сая хүн хорвоог орхисон байна. Мэдээж үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь агаарын бохирдол, мөн тамхидалт гэдэг нь ойлгомжтой.
Хоёр.
Мөгөөрсөн ба гуурсан хоолойн хорт хавдар хүн төрөлхтөний үхлийн бас нэг шалтгаан болжээ. Дахиад л агаарын бохирдол, тамхидалт үүнд шууд буруутай гэж хэлж болно. Жилд 1,7 сая хүн энэ өвчнөөс болж ойр дотнын хүмүүсээсээ хагацдаг аж.
Гурав.
2016 оны судалгаагаар 1,6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас амь насаа алдсан нь үхлийн шалтгааны гуравт бичигдэж байна. Энэ нь 2000 оны үеэс даруй нэг саяаар өссөн үзүүлэлт юм.
Дөрөв.
Олон нийтийн дунд дэгдсэн халдварт өвчнүүд буюу бидний сайн мэдэх амьсгалын замын өвчлөлүүд, дээр нь эбола, ХДХВ, шувууны ханиад зэргээр жилд гурван сая орчим хүн хорвоог орхидог. Мэдээж үүний цөөнгүй хувь нь хар тив буюу африк тивд оногдоно. Учир нь тус тив ХДХВ, эболагийн гол бүс нутаг юм.
Тав.
Хүмүүс олноороо үхдэг өөр нэг шалтгаан бол цус харвалт. Жилд 10 сая хүн цус харвадгаас таван сая нь нөгөө ертөнц рүү очдог аж.
Зургаа.
Альцгеймер буюу зөнөглөх өвчнөөр нас барагдсын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг ДЭМБ-ын цахим хуудсанд дурджээ. Энэ бол хүн төрөлхтөний үхлийн бас нэг шалтгаан. Хэдийгээр тус байгууллага альцгеймерээс гадна өөр бусад төрлийн мэдрэлийн өвчнийг энэ судалгаанд оруулж тооцсон ч зөнөглөх өвчин дийлэнх хувийг нь эзэлж байна. 1999-2014 оны хооронд энэ өвчин дэлхий дахинд 55 хувиар нэмэгджээ.
Долоо.
Өвчин зовлонтой холбоогүй өөр нэг хүчин зүйл хүмүүс үй олноороо үхэхэд нөлөөлж байгаа нь автын осол гэнэ. Дэлхийд жилд 1,25 сая хүн авто зам дээр амь насаа алддаг байна.
Найм.
Гэдэсний халдварт өвчин африк, ази, латин америкийн ядуу буурай улс орнуудад хэвийн үзэгдэл бөгөөд үүний гол шалтгаан нь ундны цэвэр усны дутагдал аж. Бохир ус ундандаа хэрэглэснээс болж тусдаг гэдэсний халдварт өвчин буюу бидний нэрлэдгээр суулгалтаар 1-9 насны хагас саяыг хол давсан хүүхэд жил бүр нас бардаг.
Ес.
Сүрьеэ өвчнөөр нас барагсдыг тус байгууллага нийгмийн халдварт өвчнөөр хорвоог орхигсдын тоонд оруулалгүй, тусад нь судалж, тооцсон нь нарийн учиртай. Учир нь зөвхөн энэ өвчнөөр дэлхий дахинд жилд арван саяыг давсан хүн өвддөгөөс 2 сая шахам нь амь насаа алддаг байна.
Арав.
Дээрх есөн шалтгаанаас гадна бидний хэзээний танил энгийн нэг ханиад томуу буюу амьсгалын замын өвчнөөр жилд хэчнээн хүн амь насаа алддагийг та бид төсөөлөх ч үгүй. Тэгвэл 1,5 сая хүн ханиад томуу, амьсгалын замын өвчнөөр нас бардаг аж. Үүний дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг хэмээн ДЭМБ-ын тайланд дурджээ.
Бидний танилцуулж буй энэ тоо баримт цаашид буурахгүй, харин ч улам хурдацтайгаар өснө гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хүн төрөлхтөн энэ оны эхний хагасын байдлаар 7,6 тэрбумд хүрсэн. Гэвч эх дэлхий эгнээнээсээ өвчин зовлон, автын осол зэргээр жил бүр хэдэн арван сая хүнээ алдсаар л.
Эх сурвалж: WHO.int