Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Аюултай харилцаа” уран сайхны кино одоогоос 3 жилийн өмнө нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж, олон залуусыг амьдралд хөл алдахаас нь өмнө нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй.
Бодит амьдралаас сэдэвлэсэн тус кино гэр бүлээс гадуурх харилцаа ямар их сөрөг үр дагавартай гэдгийг дээрээс нь гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэдгийг залуучууд ойлгоосой гэж хүссэн найруулагчийн хүсэл биелэлээ олж тухайн үед кино театруудаас үзэгчдийн тоо тасраагүй. Гэр бүлээс гадуурх харилцаа чимээгүй тахал болон тархсаар гэр бүлийг чинь сүйрүүлэх аюултай гэдгийг бид мэддэг хэрнээ мэддэгүй юм шиг царайлж өнгөрсөөр өдийг хүрсэн нь нууц биш.
Тэр бүгдийг дэлгэн тавьсан уран бүтээлийн үргэлжлэл байгаа болов уу гэсэн үзэгчдийн нууцхан хүлээлтэд жүжигчин Г.Отгонцэцэг, Х.Баярмаа нарын шинэхэн уран бүтээлд тоглож байгаа зураг тархсан нь хариулт болох шиг болов. Гэвч энэхүү зураг нь найруулагч Ц.Хүсэлбаатарын кино уран бүтээлийн зураг байсан аж. Энэ талаар найруулагч Ц.Хүсэлбаатараас тодруулахад, “Нинжин сэтгэл хэмээх шинэ уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг “Нинжин сэтгэл” пэйж хуудсаараа дамжуулан хүргэнэ” гэх тайлбарыг өгчээ.