УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсэг томилж Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгахаар болжээ. Энэ талаар өнөөдөр (2017.02.23) УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг нар хэвлэлийн хурал зарлан мэдээлэв. Шалгалт өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 30-ны хооронд үргэлжлэх юм байна. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон бусад асуудлыг шалгаж, Монголбанкнаас санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд дүгнэлт хийх аж. Монголбанкны алдагдлыг Засгийн газар үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэв. Мөн тэд улс орны тулгамдсан асуудал болж байгаа эдийн засгийн хүндрэл нь төв банкны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаагаа нуусангүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан байна. Төгрөгийн худалдан авах чадвар буурах тусам ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай” гэсэн юм.
Үйл явдлыг эргэн сануулахад Төв банк 2012 онд инфляцийг бууруулах ам өчиг өгч ирэх жилүүдийн эдийн засгийн хандлагад өөрчлөлт гаргана. Энэ оны төгсгөлд улсын хэмжээнд 15 хувьд хүрээд буй инфляцийг 2013 оны эцэс гэхэд найман хувь хүртэл буулгана хэмээн мэдэгдэж байсан. Тиймээс инфляцийг бараг хоёр дахин бууруулна хэмээн амлаж Засгийн газартай хамтран “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлж байлаа. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөрт эхний ээлжинд 720 орчим тэрбум төгрөгийг Монголбанк Засгийн газарт зээлдүүлсэн.
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт гэхэд шатахуун импортолж жижиглэнгээр худалдаалдаг 13 компани хамрагдсан бөгөөд тэд эхний ээлжинд 120 сая ам.долларыг 3,8 хувийн хүүтэй арилжааны зургаан банкаар дамжуулж зээлж авч байсан юм. Түүнчлэн “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулагчаар “Жаст агро” ХХК сонгогдон Улаанбаатар хотод 14 мянган тонн, Эрдэнэт, Дархан хотуудад тус бүр 1000 тонн мах зоорилж, жижиглэн савлаж борлуулах үүрэг хүлээн 30 тэрбум төгрөгийн зээл авч байлаа. Эдгээр компанийн зээлийн хэмжээ, эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа эсэх, Үнэ тогтворжуулах хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгсөн үү зэрэг олон асуултад Монголбанкыг шалгахаар болсон УИХ-ын Ажлын хэсэг хариу өгөх юм.