Улс төр

Н.Алтанхуяг АТГ-д байцаалт өгч байна

Яг одоо (2017.02.21) Н.Алтанхуяг Авилгатай тэмцэх газарт байцаалт өгч байна. Түүнд 2015 оны хоёрдугаар сард Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа орон сууцны 8 хувийн зээл, Чингис, Самурай бондын мөнгөөр хэрэгжсэн 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн хэргээр АТГ Эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Хэргийг шалгах явцад мөн 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэл болон дүүргийн ЗДТГ-аас 19 байршилын гаднах талбайг тохижуулах тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгаруулахад оролцсон байж болох сэжүүр илэрсэн сураг бий. Энэ нь нийтдээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендер юм байна. “Ар дааган” ХХК-ий Ерөнхий инженер нь Н.Алтанхуягийн том охины нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд. Энэ хоёр компанийг шалгахад  тендерийн санхүүжилтийн мөнгө тэдний дансаар шилжиж байсныг олж тогтоосон тухай мэдээлэл цацагдаж байна.

Өглөө 10:30 цагт АТГ-т очсон Н.Алтанхуягийг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал байцаасан бөгөөд байцаалт 16.00 цагийн орчимд дууслаа. АТГ-ын гадаа хэвлэл мэдээллийнхэн цугларсан байв. Тэд байцаалт өгч байгаа Н.Алтанхуяг болон АТГ-ын холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авахаар энд цуглаад байгаа юм. Мягмар гаригийн орой тус газар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, “Фортуна” Батбаяр нарыг баривчлан Ганц худагт хорьсон байгаа. Н.Батбаярыг Хөгжлийн банкинд байршиж байсан Чингис, Самурай бондын мөнгийг зарим аж ахуйн нэгжүүдэд эргэн төлөх боломжгүй нөхцөлтэйгөөр зээлүүлсэн. Харин Б.Гарамгайбаатарыг хүүгийнхээ компанид хууль бусаар их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган баривчилсан  билээ. Тиймээс АТГ Н.Алтанхуягт цагдан хорих арга хэмжээ авч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлийнхний дунд явж байсан юм.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close