Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч олон нийтийн өмнө хутгалуулжээ

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд дээгүүр яригдаж байгаа нэр дэвшигч Жаир Болсонару өчигдөр сурталчилгааныхаа ажиллагаанд оролцож яваад хутгалуулжээ. Тэрээр Бразилын зүүн өмнөд бүсийн Жюз де Фора хотод олон нийттэй уулзаж байхад нэг этгээд гэдсэнд нь хутгалсан байна.

Азаар Болсонаругийн шарх хөнгөн, аминаас холуур байсныг түүний хүү мэдээлжээ. Сошиал сүлжээнд нэр дэвшигчийн хутгалуулж байгаа, дараа нь эмнэлгийн машинд хүргэгдэж байгаа дүрснүүд өргөн тархсан байна.

Халдлагыг үйлдсэн этгээд удалгүй баригдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Армийн офицер асан, үндсэрхэг үзэлтэй Социал Либерал намын гишүүн Болсонару нь Бразилын улс төрд цуутай нэгэн. Тэр ижил хүйстнүүдийг шүүмжилж, 1964-1985 онд Бразилд тогтож байсан цэргийн дэглэмийг магтаж ярьдаг нь олон нийтийг талцуулдаг юм.

Сүүлийн жилүүдэд Бразилын элит улс төрчид авлигын хэрэгт гүнзгий хутгалдсаны улмаас “Халуун орны Трамп” гэж хочлогддог Болсонаругийн нэр хүнд нь өсөж, иргэдийн дэмжлэгийг авах болсон байна. Тэр ч бас Трампын бодлогыг дэмждэгээ илэрхийлж, өөрийгөө Трамптай адилтгаж ярьж байсан удаатай.

Эх сурвалж: Russia Today

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн