“Стресс” энэ үгийг анх 1936 онд Канадын эрдэмтэн Ганс Селье анагаахын шинжлэх ухаанд техникийн шинжлэх ухаанаас оруулж хэрэглэсэн ба угтаа даралт, шахалт гэсэн утгатай үг юм.
Хүн, амьтан хоёрын гол ялгаа нь хүн сэтгэл зүрхээрээ аливаа зүйлсийг мэдэрч, шаналж, өөрийгөө зовоож чаддагт байдаг. Яг энэ л бодлоосоо болж хүн өөрийгөө үгүй хийж, элдэв өвчнийг биедээ бодлынхоо хүчээр бий болгочихдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө стресстүүлж эхэлснээр л хүнд элдэв өвчин, сөрөг шинж тэмдгүүд илэрдэг.
Лондоны сэтгэл судлаачид стресс, бухимдалтай үедээ хүн хий хоосон айдастаа автан, сөрөг таамаг дэвшүүлдэг болохыг туршилтуудаараа баталжээ. Мөн стрессийн үед хүмүүс мэдээллүүд дундаас сөргийг нь илүү мэдэрч, хүлээж авдаг гэнэ. 35 оролцогчийг хоёр хэсэгт хуваагаад нэгэнд нь математикийн хүнд бодлогууд бодох даалгавар өгчээ. Нөгөөх хэсэгт нь харин тун хялбар даалгавар өгсөн байна. Дараа нь бүгдэд нь “дээрэм хулгай“ хийхийг тушаажээ. Ингэхэд бодлогоос болж стрессдсэн хүмүүс юу ч бодолгүй дараагийн даалгаварыг гүйцэтгэхээр оролдсон бол хоёр дахь хэсгийнхэн харин зөв бурууг тунгааж байсан гэнэ.
Оюун санаагаа эерэг зүйлд чиглүүлэх цорын ганц арга зам бол эерэг бодол юм. Өөрөөр хэлбэл байнга эерэг зүйлсийг бодож чадах юм бол таны оюун санааны хүч зөв зүйлд зарцуулагдаж байна аа гэсэн үг юм.