Үе үеийн Засгийн газрын эрх баригчид халамжийн мөнгөний нэр төрлийг заримыг нь хасч байгаа нэрийдлээр нэгийг нөгөөгөөр нь орлуулж, нэр төрлийг нь олшруулсаар л байх. Өнөөдөр өгч байгаа 20, 50, 100 мянга олон хүнд нэмэр болж байгаа юм шиг санагддаг биз. Амаа ангайгаад, гараа хөдөлгөхгүй ингэж тэжээлгээд байвал болоод л байх мэт. Гэтэл бид Засгийн газрынхаа “тэжээврүүд” болчихоод байгаа. Тэжээгддэг гэдэг нь өөрөө өрөвдөлтэй ойлголт. Тэжээвэр амьтнаар авч үзвэл хоол ундыг нь бэлдээд л байвал өөрөө хоолоо олж идэх чадваргүй, хүний гар хараад сурчихсан байдаг. Тэжээвэр хэзээ ч ханаж цаддаггүй, улам даварна.
Өчигдөр 21 мянга авцгааж байсан бол өнөөдөр 50, 70 мянга, одоо бас сая төгрөг авна гэж хүлээх иргэд олон байгаа. Энэ онд хэрэгжүүлж эхэлсэн Эхчүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоосон. Нэг талаараа хүн амыг өсгөх бодлогын хүрээнд ихэр хүүхэд төрүүлсэн эх, эцэг залуу гэр бүлийг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаас нь авч үзвэл “ажил хийхгүй байж болох юм байна” гэсэн ойлголтыг төрүүлж байна. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй нэгэн танил маань ярихдаа “Ихэр хүүхэдтэй болчихвол төрөөс сая төгрөг өгөх юм байна лээ штээ. Тэгэхээр ажил хийгээд байх шаардлага байхгүй тэтгэмжээ авчих нь. Тийм болохоор ихэр хүүхэдтэй болъё гэж төлөвлөж байгаа ” гэж байсан юм. Уг нь бол хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх боломж байгаа.Товчхондоо хөдөлмөрийн чадвартай хирнээ нийгмийн халамжаар амьдрах сонирхолтой хүн цөөнгүй. Халамжийн мөнгөнд амташсан хүн тэндээс буцаж гарна гэж үгүй гэдгийг ч ядуурал, ядуустай өдөр бүр нүүр тулж ажилладаг мэргэжилтнүүд ч хэлж байгаа юм.
Баянхонгор аймгийн Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Л.Мандахын хэлснээр халамжийн мөнгөөр амьдрах сонирхолтой хүмүүс ажил хийх сонирхолгүй, бас хэд хэдэн халамжийн мөнгө давхар авах нь ажил хийснээс илүү мөнгөтэй болчихдог байгаа юм гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Түүний хэлсэн нэгэн жишээг дурдъя.
Энэ оны нэгдүгээр сараас өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж өгч эхлэхэд нэг эмэгтэй материалаа бүрдүүлээд уг халамжийг авсан. Гэтэл гуравдугаар сард нөгөө эмэгтэй насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоё гээд ирэв.
Бид “Саяхан өрх толгойлсон гээд явж байсан биз дээ. Гэрлэлтийн баталгаагүй бол тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох боломжгүй” гэтэл шүүхээр яваад нас барсан нөхөртэйгөө өчнөөн удаан хугацаанд хамт амьдарч, хэд хэдэн хүүхэдтэй болсноо тогтоолгоод ирж байгаа юм. Нөхөртэй хирнээ гэрлэлтээ батлуулаагүй, тэгээд өрх толгойлсон ээжийн тэтгэмж авдаг байсан гэсэн үг.
Тэгснээ шүүхээр “Энэ хүний өчнөөн жил хамт амьдарсан нөхөр нь нас барсан тул хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олго” гэсэн шийдвэр гаргуулчихсан. Иймэрхүү маягаар элдэв янзын халамж авч, ажил хийхгүй амьдраад сурчихсан хүн байхад халамжаар амьдарч сурсан хүмүүс ч байгаа юм.
Баянхонгор аймгийн удирдлагууд өнгөрсөн хавар ажилгүйдлийг бууруулах зорилгоор хөдөлмөрийн насны ажилгүй иргэдэд газар зааж, хашаа хатгаж өгөөд, үрсэлгээ, усалгаагаар нь хангая, ногоо тариад хүнсэндээ хэрэглэн, үлдсэнийг нь борлуулж амьдралдаа нэмэрлэхийг санал болгох ажил хэрэгжүүлжээ. Харамсалтай нь “Чадахгүй” гэж хариулах хүн олон байсан аж.
Манай улс гурван сая хүн амтай. Тэдний гуравны нэг орчим нь буюу 800 мянган иргэн төрөөс халамж хүртэж амьдардаг гэсэн дүн мэдээ байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамж хүртэгчдийн нийт тоо ийнхүү 800 мянгад хүрээд байгаа юм.
Энэ бол их тоо. Дэлхийн банкны судалгаанд ч мөн энэ тухай бичсэн байдаг. Тус банкнаас нийгмийн халамжийн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн шинжилгээ”-г хийжээ. Судалгааны дүнд Монгол Улсын нийгмийн халамжийн зарцуулалтыг харьцангуй өгөөмөр гэж дүгнэсэн бөгөөд зорилтот бүлэгтээ зөв хүрч чаддаггүй гэх дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад “Хавтгайрсан халамж”-ийн тогтолцоо нэгэнт буй болж, харин үүний үр дагавраар бэлэнчлэх сэтгэлгээтэй, ядуу иргэдийн тоо улам үржсээр байна.
1 comment
Энийг ямар юмных нь халамж гэх вээ дээ! халамжлах ёстой хүмүүстээ олигтойхон мөнгө өгөөд ёсгүйд нь ажиллаж амьдрах боломж олго! Сонгуулийн авилга, амлалт чинь монгол улсыг сүйрүүлж байна!