Лондонгийн их сургуулийн шинийг санаачлагч оюутнууд нэгэн хачирхалтай бөмбөлгийг бүтээснээ дэлхий нийтэд албан ёсоор танилцууллаа. Оюутнууд өөрсдөө Ooho хэмээн өхөөрдөн нэрлэсэн уг бөмбөлгийг гадна талаас нь харсан хэний ч толгойд хамгийн түрүүнд бяцхан хүүхдүүдийн өнхрүүлэн тоглодог, дотроо гэрэл асдаг гялгар бөмбөг бодогдох нь дамжиггүй. Гэвч Ooho бол зүгээр нэг бөмбөг, бөмбөлөг биш, харин нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн юм.
Ирээдүйд инженер болох мундаг оюутнууд энэ шинэ бүтээлээ далайн ёроолд амьдардаг нэг төрлийн нялцгай ургамлаар хийсэн гэнэ. Уг ургамлыг зарим улс орнууд хүнсэндээ хэрэглэдэг аж. Гартаа бариад үзэхэд хүүхдүүдийн идэх дуртай цэлцэгнүүрийг санагдуулам хөвсгөр, зөөлөн энэ бөмбөлгөө оюутнууд олон нийтэд зориулж худалдаанд гаргахын тулд шаардагдах хөрөнгийг цуглуулж эхэлсэн бөгөөд энэ жилдээ багтаан үйлдвэрлэлд нэвтрүүлж, хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж амжина гэдэгтээ итгэлтэй байгаа тухай Англи, Америкийн хэвлэлүүдэд бичжээ.
Та уг идэж болдог бөмбөгийг амандаа хийгээд зажилж эхлэнгүүт яг л цэлцэгнүүр идэж буй мэт аман дотор чинь бутарч, дотроос нь далайн ургамлын өвөрмөц, сайхан амт мэдрэгдэх болно. Учир нь энэ гайхалтай бөмбөлгийн түүхий эд болох нэг төрлийн далайн ургамал нь найрлагадаа бор замаг, хүний биед хэрэгтэй кальци зэргийг агуулдаг юм.
Мэргэжлийн хүмүүс Лондонгийн их сургуулийн инженерийн ангийн оюутнуудын энэ шинэлэг бүтээгдэхүүн бол хүн төрөлхтөн ирээдүйд элдэв төрлийн хоол хүнснээс татгалзаж, оронд нь сансарын нисгэгчдийн нэгэн адил ганцхан тун эм шиг зүйлийг уугаад л хоол идсэн мэт цаддаг болохын эхлэл хэмээн дүгнэж байна.
Эх сурвалж: Dailymail.co.uk