Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн АТГ-аас өгсөн Эрчим хүчний яамны удирдлагууд тус салбарт зарласан 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан, хувийн компаниудад давуу эрх олгосон байж болзошгүй гэх мэдээллийг үгүйсгэсэн. Ингэхдээ дээрх яригдаж буй их хэмжээний мөнгөний асуудал өөртэй нь ямар ч холбоогүй бөгөөд хэрэв үнэн бол ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн билээ. Тэгвэл Ц.Даваасүрэн сайдын хууль зөрчсөн, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна.
Тэрбээр 2018.07.09-ний өдөр тушаал гаргаж, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох “Сургалт- Үйлдвэрлэлийн төв” ТӨҮГ-ыг бие даасан хуулийн этгээд болгох шийдвэр гаргажээ. Уг нь шинээр хуулийн этгээд үүсгэх асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгддэг. Ингэхдээ тус төвийн нэг хэлтсийг “Сургалт, судалгааны төв” нэртэй салбар байгууллага болгохоор шийдэж, захирлаар нь 2013 оноос хойш туслахаар нь ажилласан М.Отгоннямыг томилжээ. Үүгээр зогсохгүй шинээр байгуулсан төвийг “мөнгөжүүлэхээр” Эрчим хүчний яамны харьяанд байдаг нийт 32 ТӨХК руу Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан албан тоот илгээхдээ харилцан адилгүй мөнгөн дүнг нэхсэн байна. Товчхондоо, ТӨХК-иудад 604 сая төгрөг гаргаж өгөхийг хүчээр тулган шаардсан бололтой. Хэрэв түүний хууль зөрчсөн эдгээр үйлдэл баримтаар баталгаажвал хэлсэн үгэндээ хүрч албан тушаалаасаа огцрох ёстой.
1 comment
ТӨХК д яагаад мэргэжлийн хүн сайд бж болдгүйм болоо өчнөөн хүний угаартаж хордоод бна