Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар тус улсын цэргийн алба хаах хугацааг ойрын хоёр жилийн дотор 3 сар хүртэл хугацаагаар богиносгох саналыг дэмжжээ. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин батлан хамгаалах салбарт шинэчлэлт хийж, алба хаах хугацааг богиносгох амлалтыг сонгуулиар өгч байсан юм.
Ирэх аравдугаар сараас эхлэн шат дараатайгаар алба хаах хугацааг бууруулж эхэлнэ. Тухайлбал хуурай замын цэрэгт алба хаах хугацаа одоогийн 21 сараас 18 сар болох бол тэнгисийн цэргийн 23 сарын хугацаа 20 сар болж, агаарын цэргийн 24 сар 22 сар болж тус тус буурах ажээ. Уг шинэчлэлт бүрэн хэрэгжиж дууссаны дараа Өмнөд Солонгосын армийн алба хаагчдын тоо одоогийн 625,000-аас хагас сая болж буурах юм.
Сөрөг хүчнийхэн улс орны батлан хамгаалах чадварыг бууруулах аюултай гэж энэхүү шинэчлэлийг эсэргүүцэж байгаа. Гэхдээ тус улсын засгийн газар цэргийн алба хаах хугацааг хууль гаргалгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар бууруулах эрх мэдэлтэй байдаг ажээ.
Эх сурвалж: Yonhap News