Ойрын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай холбоотой маш олон мэдээлэл цацагдах болсон. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Г.Батсуурь даргатай утсаар холбогдож хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээлэлд хариу тайлбар авлаа.
-Таныг зах зээл дээр 700 сая төгрөгийн үнэлгээтэй борлуулагддаг зуухыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч төсвийн мөнгөөр тоглолоо гэдэг мэдээлэл өнгөрсөн өвлөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол цөөн хэдэн хүмүүсийн захиалгаар хийгдэж буй ташаа мэдээлэл. Бидний хувьд мэргэжлийн байгууллагаар аймгийн нэгдсэн халаалтын зуухыг шинэчлэх зураг төсөл болон холболдох бусад тооцоог хийлгэхэд хоёр тэрбум 110 сая төгрөгөөр зуухыг шинэчилнэ гэсэн төсөвт өртгийг гаргаж өгсөн. Тэрхүү төсөвт өртөгт нь багтааж Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааг явуулсан. Гүйцэтгэгч байгууллага нь хил гаалийн татвараа төлж, тээвэрлэлт, угсралт бүх зүйлээ цаг хугацаандаа хийгээд улсын комисст өнгөрсөн хавар хүлээлгэн өгсөн. Ингэснээр бид аймгийн төвийн айл өрх, албан байгууллагуудыг хөлдөх даарах эрсдэлгүйгээр өвөлжүүлэх боломжийг хангаж чадсан юм. Өнгөрсөн жилүүдэд манай аймгийн нэгдсэн халаалтын уурын зууханд удаа дараа доголдол гарч иргэд зутруухан өвөлждөг байсан. Харин энэ өвлөөс эхлэн төвлөрсөн халаалтын системд холбогдсон иргэн, аж ахуй нэгжүүд дулаахан өвөлжих боломжтой боллоо. Одоо өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдчихсан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлээд явж байна.
-Аймгийн төвийн нэгдсэн халаалтын уурын зуухыг хамгийн сүүлд хэдэн онд шинэчилж байсан бэ?
-Өмнөх зууханд хамгийн сүүлд 2006 онд техник, технологийн шинэчлэл хийж байсан. Явцын дунд урсгал засвар үйлчилгээг хийж байсан боловч 2012 оноос үйл ажиллагаа нь доголдох болсон. Мэргэжлийн байгууллагууд хуучин зуухыг удаа дараа шалгаж үзээд ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна, яаралтай шинэчил гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсээр байсан. Гэвч 2012-2016 онд эрх барьж байсан хүмүүс зуухыг шинэчлэх талаар ямар ч ажлыг хийгээгүй.
Бид 2016 онд ажил авсныхаа дараа аймгийн төвлөрсөн халаалтын зуухыг цаашид ашиглах ямар ч боломжгүй юм байна. Говьсүмбэр аймаг тэр чигтээ хөлдөхөд бэлэн байна. Тиймээс зуухыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг яаралтай шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг холбогдох бүх яам, тамгын газарт хүргүүлсний эцэст шийдүүлж байлаа. Аймгийн төвийн халаалтын зуух ашиглалтын шаардлага хангахаа больсноос хойш манай аймгийн иргэд зутруу өвөлжсөөр ирсэн. Тэр бүү хэл гэртээ нэмэлтээр цахилгаан халаагуур байрлуулсан жирэмсэн эмэгтэй цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг хүртэл гарч байлаа. Ийм хүнд нөхцөл байдлаас гарахын тулд идэвхтэй хөөцөлдсөний дүнд улсын төсвийн тодотголд зуухыг шинэчлэх хоёр тэрбум төгрөгийг суулгуулж асуудлаа шийдүүлж чадсан юм. БНХАУ-аас шинэ зуух худалдан авах гэрээнд би гарын үсгээ зурсан нь үнэн. Гэхдээ миний байгуулсан гэрээг холбогдох дээд бүх байгууллагууд нь хянаад хууль журмын дагуу явагдсан уу үгүй юу, онцгой нөхцөл байдал бий болсон уу үгүй юу гэдгийг шат шатанд нь хянасны үндсэн дээр төлбөр мөнгийг нь шилжүүлсэн. Би өөрөө дур мэдээд халааснаасаа гаргаад авчихсан зүйл ч биш юм.
-Таныг тендер зарлахгүйгээр БНХАУ-ын компаниас шууд худалдан авах гэрээг байгуулсан гэж шүүмжилж байгаа?
-Би сая хэлсэн шүү дээ. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа зуухаа нэн даруй шинэчил гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байсан. Аймгийн төвөө хөлдөөчихгүй авч үлдэхийн тулд хууль журамд нийцүүлэн маш яаралтай арга хэмжээ авах бодитой нөхцөл, шаардлага байсан учраас шууд худалдан авах гэрээг байгуулсан хэрэг. Яам тамгын газар холбогдох дээд байгууллагаас газар дээр нь ирж танилцаад зуухаа аль болох хурдан шинэчил, онцгой нөхцөл байдал үүсчихсэн байна гэсэн.
Хамгийн хурдан гарц шийдлээр зуух худалдан ав гэж үүрэг болгосны дагуу Төсвийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн дээрх худалдан авах ажиллагааг явуулсан. Гэвч цөөн хэдэн хүмүүс аймгийн төвөө хөлдөхөөс сэргийлж хийсэн ажлыг маань харлуулж гутаахын тулд зориудаар худал мэдээллийг цацаж байгаад харамсаж байгаа.
Хэрвээ хугацаа алдсаны улмаас аймгийн төвийн албан байгууллагууд орон сууцнуудыг нийтээр нь хөлдөөсөн тохиолдолд ямар ноцтой үр дагавар, хөрөнгө мөнгөний зардал гарах байсныг хэн ч ярихгүй байгаа. БНХАУ-ын компаниас халаалтын зуух шууд худалдан авах гэрээгээр авсан асуудлыг АТГ-ын байцаагчид ирж шалгаад явсан. Удахгүй дүгнэлт нь гарах байх.
-Таныг аймгийн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж нэг машины үнээр хоёр хуучин машин худалдан авлаа гэдэг асуудал сөхөгдөөд байгаа?
-Манай аймгийн ИТХ хуралдаад албаны хэрэгцээнд ашиглах машин худалдан ав гэдэг шийдвэрийг гаргасан юм. ИТХ-ын тогтоол шийдвэрийн дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газар Улаанбаатар хотод байдаг “Ниссан” компаний албан ёсны диллерээс цоо шинэ, тэг гүйлттэй автомашиныг худалдаж авсан. Хүнийг ингэж муухайгаар гүтгэж гүжирдэж болохгүй шүү дээ. Намайг гүтгээд байгаа хүмүүс “Ниссан” компани дээр очоод шинэ машин худалдан авсан гэрээг нь үзээд шалгах боломж нь нээлттэй байгаа. Тэрнийг шалгачихгүйгээр худал хуурмаг мэдээллийг хөөсрүүлэн цацаж, улстөржүүлж байна. Засгийн газраас холбогдох бүх шатны байгууллагын дарга нарыг жийп хөлөглөхөө боль гэсэн чиглэл ирүүлсэн. Тэр дагуу нь жижиг тэрэг худалдаж авсан юм.
Аймгийн өмнөх удирдлагууд бүгд том том жийпнүүд худалдаж аваад бүгдийг нь эвдээд хаячихсан байхад хэн ч юу ч хэлээгүй. Тэгсэн атлаа нэг жижиг тэрэг худалдаад авчихаар нүдэнд нь өргөс орсон аятай адлан муучилж байна. Энэ бүх явуулгыг сөрөг хүчнийхэн хийж байгаа. Говьсүмбэр аймагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс мэр сэр байдаг. Тэр хүмүүст хууль ёсны шаардлага тавихаар хэвлэл мэдээллийн байгууллагад захиалга өгч зориудаар гүтгэн гүжирдэх ажлыг хийх боллоо. Энэ бүхнээс айж ичээд байгаа зүйл бидэнд байхгүй. Жин явна жингэр хуцна гэж бодоод л ажиллаж байгаа. Аймгийн иргэдийг аль болох л аятай тухтай ажиллаж амьдрах боломж нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн хүний хувьд ганц төгрөгийг нь дутааж шамшигдуулчихгүйгээр ажлаа явуулахаар л зорьж байгаа.
-Та 2016 оноос өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би 2015-2016 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. 2006-2010 хүртэл аймгийн Засаг даргын орлогч даргын албан тушаалыг хашсан. Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таныг сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн албанд ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудлыг бичээд байгаа. Хөрөнгө орлогод тань хэдэн оноос гэнэтийн өөрчлөлт орсон бэ?
-Би дөрвөн удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гэж танд өмнө нь хэлсэн. Тэр бүх сонгуульд оролцох бүртээ хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Сүүлийн хоёр гурван жилд хэд дахин хөрөнгөжсөн хэмээн зохиомол зүйл ярьж намайг гүжирдээд байгаа хүмүүс шаардлагатай бол АТГ-т хандаад миний хөрөнгө орлогын бүх түүхийг харж танилцах боломж нь нээлттэй байгаа.
Огцом өсч өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Надад аймгийн төвд болон Улаанбаатар хотод нэг орон сууц байдаг. Мөн хэд гурван малтай. Жил болгон өсч буй малын үнэлгээг зах зээлийн өртөгт нийцүүлэн нэмж бичсээр ирсэн. Үүнийг зориудаар буруутган шүүмжлэх хүмүүс олон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэхийн зэрэгцээ олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаар гүтгэлэг доромжлол явуулж буй хүмүүсийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Удахгүй үнэн мөн нь тодорхой болно гэж найдаж байгаа.
Эх сурвалж:http://www.zaluu.com/read/28b80bb24