Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг байдаг агаад Голланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцарь зэрэг улс энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлдэг байна. Тэгвэл монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаар Япончуудыг дайлах цаг удахгүй тохиох бололтой. Франц технологоор дотооддоо бяслаг үйлдвэрлэж буй “Монфрэш” компани “Мицү” групптэй хамтран таван тонн бяслаг туршилтаар анх удаа экспортолжээ. Тус улсын лабораториуд өдгөө манай бяслагийг шинжилж байгаа бөгөөд хоёр сарын дараа хариугаа өгөх аж.
Бяслагны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог тус улсаас нааштай хариу ирвэл Монголоос их хэмжээгээр бяслаг авах боломж бүрдэх юм. Үүнтэй холбоотойгоор Солонгосчууд ч манайхыг сонирхож эхэлжээ.
“Монфрэш” компани өдөрт 5-10 тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай ч дотоодын эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил ердөө 50 гаруй тонныг үйлдвэрлэжээ. Чанарыг эрхэмлэдэг Япон улс манай улсаас бяслаг авч эхэлбэл тус үйлдвэр хэвийн ажиллаад зогсохгүй энэ төрлийн бизнес эрхлэгчдэд ч боломж гарах юм.
Бяслаг уургаар баялаг бөгөөд А витамин, кальци, фосфор агуулдаг, дотроо хатуу, хатуувтар, зөөлөн болон түрхдэг буюу тослог өндөр гэсэн ангилалтай байдаг. Ихэнх хүмүүс витамин В12-г махнаас авдаг боловч цагаан хоолтнуудын хувьд бяслагнаас авдаг байна.