“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ тэр “Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтоох саналыг би зөвшөөрсөн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зөв гэж үзсэн гэв.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ын даргын цалинг тус үйлдвэрийн дарга санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газарт өргөн мэдүүлдэг юм байна. Энэ жишгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралтай гэрээ байгуулжээ. Тус гэрээнд Ерөнхий захирлын цалинг Монголбанкнаас зарласан албан ёсны ам.долларын ханшаар тооцож, сар бүр 10 мянган ам.доллар буюу 24,5 сая төгрөгөөр тогтоох санал гаргасан юм байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан өмнөх захирлууд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2015 оны арванхоёрдугаар сарын 7-оос эхлэн тус үйлдвэрт мөрдөж байсан
- Компани нь ажилтанд нэг сарын 10 мянган ам.доллар олгоно
- Жил бүр ээлжийн амралтаа эдлэх үед ажилтанд олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материалыг тусламж хэлбэрээр үзүүлнэ. /жилд дунджаар 30 мянган ам.доллар/
- Төлөвлөгөөт болон стационар эмчилгээг оролцуулан эмчилгээний зардал, түүнчлэн эмчилгээнд ирж, очих галт тэрэгний зардлыг компани төлөх
- Жилд нэгээс доошгүй удаа гэр бүлийн гишүүний хамт амралт, сувилалд явах эрхийн бичгийн үнэ, болон ирэх очих тээврийн зардлыг 100 хувь компани төлнө.
- Компанийн зардлаар албаны автомашин хэрэглэнэ
- Энэ гэрээний дагуу ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангана.
- Ажил үүргээ биелүүлэх явцад осолд орж, эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд таван сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа авна.
- Москва хотод, зах зээлийн үнээр гурван өрөө байрыг компанийн зардлаар худалдан авч өгнө. Энэ гэрээний дагуу хоёр жил ажиллаж, компанийн ажлын үзүүлэлтүүд эерэг байсан тохиолдолд энэхүү байрыг түүний өмчлөлд шилжүүлнэ.
- Нэг хүүхдийг гадаад улсад суралцах сургалтын зардлыг компани төлнө.
- Сурах, дадлагажих, мэргэжил дээшлүүлэх, гадаадын төстэй үйлдвэрлэлийн туршлага судлах зэрэгт гарах зардлыг компани төлнө.
- Энэ гэрээ дуусч, буцах үед ачаа тээвэрлэх хөлсийг компани хариуцна.
- Ээлжийн амралтаараа гэр бүлийн гишүүдийн хамт /тэдэнтэй цаг болон салангид явахаас үл хамаарна/ оршин суух газартаа галт тэргээр /CB унтлагын вагон/ эсвэл онгоцоор /нэгдүгээр зэрэглэл/ ирж очих зардлыг компани хариуцна.
- Гэрээг хугацаанаас өмнө цуцалбал нэг жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн хөнгөлөлтийг эдэлж байсан юм байна.
Шинэ ТУЗ эдгээр нөхцөлийг хэвээр үлдээх саналыг ирүүлсэн ч дөрвөн заалтыг нь хүлээн зөвшөөрч, үлдсэн бүх зардлыг хасах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдэгдэв.