Өнөөдөр нийслэл хотын төв талбайд “Оюуны ундраа” ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч нэгэн зэрэг “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Ингэхдээ тэд үндэсний дээл хувцасаараа гоён, эх орныхоо газрын зурагт хэлбэрийг үүсгэн нэгэн зэрэг, чангаар уншжээ. Бага ангийн хүүхдүүд 16 бадаг тус шүлгийг гурван сарын турш цээжилсэн бөгөөд тэдэнд эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлахын үнэ цэнийг багаас нь мэдрүүлж, таниулахаар энэхүү арга хэмжээг зохиосон гэв. Мөн Монголын төрт ёсны уламжлалыг цаашид мянган жил бадрахыг бэлгэдэж тус сургуулиас “Тусгаар тогтнол” цомыг бүтээсэн бөгөөд цаашид жил бүр цомоо шилжүүлэн, сурагчид төв талбайдаа тусгаар тогтнолоо тунхаглахыг уриалав.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч, яруу найрагч, Д.Пүрэвдорж “Чингис”, Тусгаар тогтнол зэрэг шүлгүүд бичсэнээрээ тухайн үедээ үндсэрхэг үзэл гаргасан хэмээн буруутгагдаж байжээ. Улмаартус шүлгүүдийг хэвлэхийг хориглон, төрийн шагналд бүтээл нь дэвшихэд МАХН-ын төв хорооноос удаа дараа хасч байсан аж. Ингээд 1981 онд олон түмний хүсэлтээр уг шагналыг олгож байжээ.
Эх сурвалж: medee.mn