Өнөөдөр (2017.04.05) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын удирдлагууд бизнес эрхлэгчдийн хамт мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгав.
Тэд УИХ 2017 оны төсөвт тодотгол хийж, татвар нэмэх асуудлыг шийдэх гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. 2016 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад харамсаж байна гэж тэд хэлэв.
Тиймээс бизнес эрхлэгчид:
- Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх
- Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
- Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх
- Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах
- Онцгой албан татварын хэмжээг ам.долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох
- Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх
- Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх шаардалгыг тавьж байгаа аж.