Өнөөдөр Монголын Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн төлөөллүүд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаад шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэх хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын нэмэлт хэлэлцээрт тусгасан 2.5, 2.6, 2.13 заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас доорх дөрвөн зүйлийг шийдвэрлэхийн хүсжээ.
1. 2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох,
2. 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх,
3. 2019 оны нэг дүгээр сарын 1-нээс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
4. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт хийхэд хүрсэн тул ажил хаялтад оролцсон ажилтны цалин хөлсийг бүрэн олгох зэрэг шаардлагын хариуг ес дүгээр сарын 1-ний дотор Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэхийг шаарджээ.