Галт зэвсэгтэй халдлага тасардаггүй АНУ-аас сум нэвтэрдэггүй үүргэвчний захиалга эрчимтэй нэмэгдэж байгааг Израйлийн компани мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Флоридагийн Парклэндын сургуульд гарсан зэвсэгт халдлагын дараа Америкийн харилцагчдаас олон зуун захиалга авах болсон тухайгаа Израйлийн Масада Армор компанийн гүйцэтгэх захирал Снир Корен хэвлэлд ярьсан байна.
Израйлийн арми, цагдаад сумны хамгаалалттай бүтээгдэхүүн нийлүүлдэг тус компани одоо Америкчуудын захиалгаар сумны хамгаалалттай үүргэвч үйлдвэрлэг болжээ. “Эхний хоёр сарын хугацаанд бид олон зуун үүргэвч зарсан тул одоо сард 500 ширхэгийг үйлдвэрлэдэг болж, хүчин чадлаа нэмэгдүүлээд байна” хэмээн Корен ярьсан юм. Хамгийн энгийн загвар болох 9мм-ийн гар бууны сумнаас хамгаалах 3 кг жинтэй үүргэвч нь $500-ын үнээр зарагддаг гэнэ.
Сайжруулсан загвар нь 5кг жинтэй, AR-15, M-16, Калашников зэрэг автомат, хагас автомат буунуудын сумнаас хамгаалах чадвартай нь $700 гаруй үнэ хүрдэг ажээ. Хүнд жинтэй учраас коллежийн оюутнуудад тохирно гэж Корен тайлбарласан байна. Гэхдээ тэр бага насны хүүхдүүдэд зориулсан хөнгөн загварыг бүтээхээр ажиллаж байгаагаа мөн ярьжээ. Америкчуудын галт зэвсгийн зовлон, хямрал ийнхүү бас нэг бизнесийг цэцэглүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: AFP