– Туяа эмчилгээний аппаратын суурь усанд автсанаас 26 мянган ам.долларын хохирол учирчээ –
Хавдар судлалын үндэсний төв гамшгийн байдалд хүрсэн талаар “Өнөөдөр” сонин 2018 оны долдугаар сарын 17-ны дугаартаа нийтэлсэн. Хуучин барилгын дээврээс нь дусаал гоожсоны улмаас маммографийн аппаратыг ажиллуулж чадахаа больсны зэрэгцээ өргөтгөлийн барилгын хонгил нь усанд автаж, гурван сая ам.долларын өртөг бүхий туяа эмчилгээний аппаратаа суурилуулах боломжгүй болсон юм.
Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дээрх асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд өргөтгөлийн чанаргүй барилга бахь байдгаараа. Манай улсад хавдрын улмаас жилд 4000 хүн хорвоог орхиж, 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж буй. Гэтэл улсдаа ганц байдаг ХСҮТ мэс заслын дөрөвхөн өрөөтэй. Өргөтгөлийн барилгад мэс засал хийх хоёр өрөө төлөвлөсөн ч дээврээс нь дусаал гоожиж, хана, хаяанаас нь ус нэвчсэний улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байгаа юм.
Ийм асуудал үүссэний дараа Эрүүл мэндийн сайд, дэд сайд болон холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд, нийслэлийн ЗДТГ, Онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан гээд хөлтэй болгон л тус эмнэлэг рүү хэсэгтээ шуурсан. Сайд, дарга нар ирсний дараа байдал сайжирдаг бол өдийд өөр болсон баймаар. Харамсалтай нь, бодит байдал дээр сайжирсан зүйл алга. Эмнэлгийн барилгын дээврээс ус гоождог, агааржуулалтын систем ажиллахгүй, агаарыг нь сэлгэхгүй, бохир агаар гадагшлахгүй байгаагаас тус эмнэлэгт агаар дуслын замаар дамжих, халдвар гарах, эмч, мэргэжилтнүүд ажлын байрны нөхцөлөөс шалтгаалсан өвчлөлд өртөх эрсдэлтэй гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэсэн.
Мөн тус төвийн өргөтгөлийн барилгын хонгилын давхарт туяа эмчилгээний аппарат байрлуулахаар зэхэж, суурилуулсан цахилгаан хөдөлгүүр, тэжээлийн болон удирдлагын кабелууд борооны усанд автаж, бүхэлдээ норсон учраас ашиглаж болох, эсэхийг мэргэжлийн байгууллагаар нягтлуулах хэрэгтэйг дурджээ. Үүний дагуу тус төхөөрөмжийг суурилуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж буй Австри улсын “Вамед инженеринг” компани дүгнэлт гаргажээ. Хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд ашиглах, эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмжийн нэг болох туяа эмчилгээний төхөөрөмжийн суурь усанд автсаны улмаас 26 мянган ам.долларын хохирол учирсан гэж тэд үзсэн байна.
Энэ хохирлыг хэн, хэрхэн барагдуулах вэ. Төхөөрөмжийн суурь усанд автсан нь тус өргөтгөлийн барилгын гадна талын зам талбайг ус зайлуулах шугам, сүлжээгүй барьснаас болсон гэж мэргэжлийн байгууллага нь дүгнэсэн.
Усанд норсон туяа эмчилгээний аппаратын суурь
“Анхнаасаа зураг төсөлд шугам сүлжээг нь тусгаагүй. Зургийн дагуу л барьсан. Төсөв нь хүрэлцээгүйгээс л болсон” гэж нийслэлийнхэн “арьсаа” хамгаалж байгаа сурагтай.Улсын томоохон эмнэлгүүдийн гадна талын талбай, автомашины зогсоолыг тохижуулж, засаж сайжруулсан нь сайшаалтай ч ажлаа дутуу дулимаг хийснээс олон хүн эрүүл мэндээрээ хохироход хүрээд байгаа юм. Ялангуяа, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын анхны гүйцэтгэгч “Суурь”, үргэлжлүүлсэн “Зүр” компани чанаргүй барилга барьснаас замын ус хонгил руу урсан, дээврээс нь дусаал гоожиж, өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж чадахгүйд хүрснийг дахин хэлэхэд илүүдэхгүй биз.
ХҮСТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Манай эмнэлгийн гадна талын замыг ус зайлуулах суваггүй барьсан гэсэн дүгнэлт гарсан. “Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлийн дараа Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн дээврийн гурван хэсгийг засаж өгөхөд тусламж үзүүлэх талаар Монгол дахь Япон улсын Элчин сайдын яамны төлөө лөгч ирж уулзсан. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр олгосон гурван сая ам.долларын өртөг бүхий туяа эмчилгээний аппаратаа яаралтай ажиллуулах нэн шаардлагатай байна. Үнэтэй төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байгаа нь гамшиг” гэлээ.
Үнэхээр тус эмнэлэгт байгалийн гэхээсээ илүүтэй хариуцлагагүйн гамшиг нүүрлэжээ. Агааржуулалтын болон барилга халаах систем нь хоёр тусдаа байх атал нэг дор суурилуулсан, ариун цэврийн өрөөний суултуурт халуун ус холбосон, ус нэвчсэнээс хана нь мөөгөнцөртөж, хулдаас нь хууларсан гээд өргөтгөлийн барилгын талаар өөдтэй мэдээ сонсогдохгүй. Гэтэл уг барилгыг хариуцаж буй “Зүр” компани дорвитой засвар хийхгүй байгаа аж.
Олон зуун хүний амь хормоор хэмжигддэг онцгой объектыг ингэж халтуурдаж болохгүй хэмээн тэндхийн эмч, ажилтнууд халаглаж сууна. Шинэ байранд орсон хүн баяр хөөртэй байдаг бол тэндхийн эмч, ажилтан, өвчтөнүүд сэтгэл дундуур байна. Арга ч үгүй биз, зуны гурван сард тараа таниулсан барилга, өвөл тэсэх, эсэх нь эргэлзээтэй. Усанд автаж сандаргасан шигээ, хөлдөж мэдэхээр нөхцөл үүссэн гэнэ. Бантан хутгаж орхисон “Суурь” компани барилгыг үргэлжлүүлэн барьж буй “Зүр”-д 430 гаруй сая төгрөг өгөхөөр тохирсон ч нэг нь өгч, нөгөө нь авч чадалгүй өдий хүрчээ.
Энэ асуудалд хууль сахиулах байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Борооны усанд элэгдэж, хууларсан хулдаасаа сольж өгөх гэж л “Зүр” компанийнхан 7-14 хонож буй гэх. Засаж, сайжруулах ажил цөөнгүй байхад уг компанийнхан мөнгөгүй гэж ам тагладаг аж. Усанд автсанаас ажиллах боломжгүй болсон туяа эмчилгээний аппаратыг засахад зарцуулах 26 мянган ам.долларыг ЭМЯ-наас гаргах сураг дуулдаж буй. Бусад хохирлыг хэн, хэрхэн барагдуулах нь одоогоор тодорхойгүй. Цацрагийн туяа нэвтрүүлэхгүйн тулд хоёр метр өргөнтэй бетонон хана цутгасан учир үүнийг дахин өөр газар хийх боломжгүй.
Тиймээс өргөтгөлийн барилгын усанд автсан хонгилыг бүрэн гүйцэд засаж дуусахыг л хүлээх үлдэж. Өнөөдөр “Вамед инженеринг” компанийн захирал нь Ж.Чинбүрэн даргатай уулзах гэнэ. М.Билэгт гишүүний гэх тодотголтой эмнэлгийг өргөтгөлийн барилга болгож өгөөч гэсэн хүсэлтээ ХСҮТ-ийнхөн ЭМЯ, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. 250 гаруй эмч нэгдэн, гарын үсгээ зурсан бөгөөд тус эмнэлгийг улсын мэдэлд шилжүүлчихвэл ачаалал эрс буурахын зэрэгцээ орчин үеийн, эмнэлгийн зориулалтын барилгад өвчтөнүүд тухлах боломжтой болох гэнэ.
Уг эмнэлгийг М.Билэгт гишүүн хавдрын хувийн эмнэлэг болгохоор барьсан гэдэг. Олон жил дуншсаны эцэст сүндэрлэсэн өргөтгөлийн барилга нь чанаргүй байгаа учраас хавдрын эмч, ажилтнууд шаардлага хангасан газар ажиллахыг хүсэлгүй яах вэ. Гэвч улсын ажлыг цалгардуулж, өөх ч биш, булчирхай ч биш болгосны горыг иргэд амсаж буй нь харамсалтай.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
1 comment
сайд гэсэн элий балай авгай түргэн арга хэмжээ аваач дээ даргыг нь халж сэтгэлтэй хүн тавиач дээ хүмүүсийн зовлонгоор тоглоод байх юм даа