Амьдрал гэдэг амар эд биш. Асуудал, зовлон хаа сайгүй бий. Гэвч асуудал байгаа газар шийдэл ч бас олдоно. Асуудлыг шийдэх хэний ч санаанд оромгүй, хамгийн уран аргыг харин яаж олох билээ. Уран сэтгэмж туслах биш үү. Хүний хийж буй үйлдэл бүр, гаргаж буй шийдвэр бүрийн араг яс нь уран сэтгэмж юм. Ном бол хүний тархины хүнс учраас хүүхэд унших хэрэгтэй. Мөн хүүхэд насандаа уншсан ном насан туршдаа дагаж мөрдөх хичээл болон үлдэх нь элбэг. Ном хүүхдийн уран сэтгэмж, нийгмийн харилцаа, танин мэдэхүй, гоо зүй, сэтгэл хөдлөлийн чадварыг тэжээж, хөгжүүлдэг юм.
1. Уран сэтгэмж хөгжүүлэх.
Монгол ардын үлгэрт гардаг ухаант туулайг санаж байна уу. Онгироо чоно унагыг идэх гэж байтал туулай хүрч ирээд арга сэдэн, шуудайд нь буцааж оруулаад амыг нь боочихдог. Энэ үлгэрийг хүүхэд сонсоод хүний хэлээр ярьж чаддаг туулайн тухай төсөөлөн бодно. Би түүнтэй таарвал юу ярих вэ. Яг одоо тэр туулай хаана байгаа бол. Унтаж байгаа болов уу, эсвэл өөр нэг амьтанд туслаад, дэгдэж яваа болов уу. Энэ төсөөлөл нь гүнзгийрсээр хүрээлэн буй ертөнцөө олж харах билгийн нүд нээгддэг байх.
2. Хүмүүжүүлэх.
Уран ухаанаар чоныг дийлсэн туулайн тухай үлгэр сонссон охин яваандаа ухаантай байх нь хүч чадалтай байхаас дээр болохыг ухаарах болов уу. Цаашлаад сайн хүн болох эрмэлзлийг өдөөж, буруутай тэмцэх зориг хүч нэмэх нь эргэлзээгүй.
3. Танин мэдэхүй.
Хүн насан туршдаа олж авах мэдлэгийнхээ 75 хувийг 7 хүртэлх насандаа, 25 хувийг үлдсэн насандаа олж авдаг гэх шинжлэх ухаанч тайлбар бий. Хүүхдийн ном, тэр дундаа “чанартай ном”-н тухай хангалттай тайлбар байгаа биз.
4. Нийгэмшүүлэх.
Уран зохиолын баатруудын харилцаа, саад бэрхшээл, тэмцэл, ялалтууд хүүхдийг угтан золгох нийгмийн харилцаанд бэлддэг. Дэлхийн хүүхдийн уран зохиолын сонгодог бүтээлүүдэд амьдралын бодит үнэн, хар барааныг байгаагаар нь өгүүлэх нь элбэг. Амьдрал хатуу ширүүн зүйл байж мэдэх ч хэрвээ чи хүсвэл, түүнийг гэрэл гэгээтэй болгох боломжтойн тухай санаа чухал байр эзэлдэг билээ.
5. Уран яруу байх.
Сонирхолгүй бичсэн номыг хэчнээн хэрэгтэй байгаад ч хүүхэд сонсохгүй. Уран яруу хэл, түүх хүүрнэхүйн гайхамшигтай хоршиж байж сая хүний санаанд үлдэж, гоо зүйн таашаалд умбуулах увидастай. Дээрх чанаруудыг шингээсэн уран зохиол Монголын үлгэр домгууд дотор ч бий, дэлхийн уран зохиолд ч бий. Чанартай уран зохиолыг чанаргүйгээс ялган хүүхэддээ сонгож чаддаг бол тун сайн. “Зөв” ном сонгоход эцэг эхчүүд анхаарах учиртай.