Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж багш нар ирэх сарын 3-наас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 70 сургууль, 90 гаруй цэцэрлэг нэгдсэн болохыг холбогдох хүмүүс нь мэдээлж буй. Энэ талаар МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг хэлэхдээ “Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид бүхэнд ажил хаях эрх үүссэн учраас хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана.
Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна. Одоо хаяснаар хүүхдийн сурах эрх зөрчигдвөл багш нар хариуцлага хүлээх асуудал байхгүй. Төр засаг хуулийн дагуу бүр хариуцлагыг хүлээнэ. Хэлэлцээр хийж ярилцъя гэж олон удаа хандсан. Хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс хичээлийг дараа нь нөхөөд орох боломжтой. Бидэнд хүүхдийг хохироохгүй нөхөж заах туршлага бий” гэв.
Энэхүү ажилт хаялтын хамгийн том хохирогч нь хүүхдүүд юм. Эцэг эхчүүдийн зүгээс багш нар ажил хаялт зарлахгүй байх гэсэн хүлээлт үүсээд байна.