ОХУ-ын Газар зүйн нийгэмлэг өөрийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг академич Д.Доржготовт олголоо. Энэ нь уг шагналыг ази тивээс хоёр дахь, харин Монгол Улсаас анх удаа хүртэж байгаа тохиолдол болж байна.
Хүн бүрийн шимтэн сонирхоод байдаггүй газар зүйн шинжлэх ухааны төлөө өөрийн амьдралыг зориулж яваа хүн бол шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов юм. Тэрээр сүүлийн 55 жилийн турш Орос-Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо газар зүйн судалгааг хийж байгаа юм.
Тэрээр Монгол орны усны ай сав газрууд хаана байдаг, хөрсний ус, түүний физик шинж чанар, мөн хөрсний нөөцийг тодорхойлсон гээд олон судалгаа, шинжилгээг өнгөрсөн хугацаанд хийжээ.
Д.Доржготов: Нэг ухаж төнхчихсөн газрын хөрс дахин сэргээгддэг гэдэг худлаа
Би Монгол орны газар зүйн судалгааг 1963 оноос хойш өөрийн шавь нар болон ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хийж байна. Төв азийн газар зүйн судалгааг дэлхийн эрдэмтэд бүр эртнээс сонирхсоор ирснийг энд хэлэх хэрэгтэй.
Бид нар хийсэн судалгаагаагаа олон арван ном, атлас, газрын зураг болгосоор ирсэн. Ер нь газар зүйн судалгааг олон нийтэд хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэх хамгийн зөв арга бол газрын зураг болгож, олон нийтэд хүргэх явдал
Оросын Газар зүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг Батлан хамгаалахын сайд С.Шойгу өөрөө хашдаг. Харин Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч бөгөөд Ивээн тэтгэгчдийн газрын дарга нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрөө байх жишээтэй. Эндээс оросууд газар зүйн судалгаанд ямар өндөр ач холбогдол өгдгийг харж болно.
-Сүүлийн үед яг ямар төрлийн судалгаа хийж байгаагаа ярьж өгөөч?
-Сүүлийн гурван жил би шавь нартайгаа хамтраад цоо шинэ судалгаа хийж байгаа. 100 жилийн өмнө хийсэн хөрсний судалгааг дахин шинээр хийж байгаа гэж хэлж болно. Тийм учраас би цоо шинэ гэж хэлж байгаа юм. Учир нь 100 жилийн хугацаанд газрын хөрсөнд байгалийн жамаар болон хүний оролцоотойгоор юу ч өөрчлөгдөж болно.
Энэ судалгаагаа хийхийн тулд эх орныхоо өнцөг булан бүрт очих хэрэгтэй болдог. Одоо ч намайг энд ингээд яриад зогсож байхад манай шавь нар, эрдэмтэд хөдөө орон нутагт судалгаагаа хийгээд явж л байгаа. Товчхондоо нэг төрлийн хөрсний судалгаа гэж хэлж болно. Мэргэжлийн талаас нь яривал хугацаа их орно.
-Газар зүйн судалгаа геополитиктой хэрхэн холбогддог юм бэ?
-Мэдээж холбогдоно. Оросын Газар зүйн нийгэмлэгийг хамгийн анх эзэн хаан нь өөрөө тушаал гаргаж үүсгэн байгуулсан түүхтэй юм шүү дээ. Газар зүй зөвхөн шинжлэх ухаан төдийгүй батлан хамгаалах салбар, улстөртэй холбогддог нь үнэн. Гэхдээ би энэ талаар сайн ярьж мэдэхгүй байна.
-Уул уурхай Монгол орны хаа сайгүй явагдаж байна. Хөрсний төлөв байдал өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ?.
-Уул уурхайн олборлолт хөрсөнд сайнаар нөлөөлнө гэж хэзээ ч байхгүй. Нэг ухаад төнхчихсөн хөрс дахин сэргээгдэнэ гэж байдаггүй юм шүү дээ.
-Алтны компаниуд нөхөн сэргээлт хийгээд байдаг. Энэ худлаа гэж үү?
-Ер нь бол хэцүү дээ. Нэг хөрсийг нь ухаад авчихсан газар дахин нөхөн сэргээгдэнэ гэдэг өөрөө боломжгүй зүйл гэдгийг л хэлье.
-Хөрсний судалгаа, шинжилгээг бодит амьдрал дээр бүтээн байгуулалтанд яаж ашигладаг юм бэ?
-Бидний 1960-1980-аад оны үед зохиосон зургууд бүгд бүрэн бүтнээрээ байгаа. Тиймээс яаж ашиглах нь мэргэжлийн хүмүүсийн л үүрэг. Тариа тарих газраа зөв газар олж, зөв хагалахаас эхлээд ямар төрлийн бордоо яаж ашиглах уу зэргийг бидний хийсэн хөрсний судалгааг үндэс болгож шийдвэрлэх боломжтой шүү дээ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин