АН энэ сарын 13-нд гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн сонгуулиар МАН төрийн албыг үнэлснээс болж төрийн хариуцлагагүй байдал газар авлаа хэмээн онцолж байв. Ер нь сүүлийн үед засаг тойрсон иймэрхүү шүүмжлэл эрчтэй өрнөж байгаа. Уг нь парламентад 65 суудал авсан нам өдийд ингэж сууж боломгүй санагдах юм. Нэг толгойтой бол эдийн засгаа сэвхийтэл нь өндийлгөхөд ямар ч асуудал алга. Эвлэлдэж нэгдээд ч барахгүй хэцүү үе гэж эдийн засагт бий.
Өнгөрсөн УИХ, Засгийн газар шиг дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ навс унасан үед засгийн эрх барьсан бол бас ч гэж элдвийг хэлээд сууж болно. Эдийн засаг ийм хэцүү байхад яалтай билээ гэсэн шүү юм яриад явахад болохгүй юмгүй. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ гялалзаж байна. Зэс, алтны ханш ч дажгүй байгаа. Ирэх жил ч эрдсийн үнэ өөдрөг байх төлөвийг шинжээчид онцлоод эхэлчихсэн. Уул уурхайн үнийн өсөлтийн циклийн үед засгийн эрхийг атгаж яваа улсын хувьд эдийн засгаа өнгөтэй, төгрөгийн ханшаа унагачихалгүйхэн шиг аятайхан аваад явахад ямар ч зовлон байхгүй. Жаахан зөв бодлого бариад, цөөхөн том шийдвэр гаргачихад л улсаараа өндийгөөд ирнэ. Харамсалтай нь ийм аятайхан суурин дээр эдийн засгаа гялалзуулсан юм өнөөхөндөө лав алга.
Нийлж нэгдээд, зангидсан гар шиг зүтгэвэл ямар ч асуудал, зовлон харагдахгүй байна. Таван толгойгоо хөдөлгөе гэвэл 65-уулаа гараа өргөхөд л өмнийн говийн коксжих нүүрсний том орд төмөр зам, баяжуулах үйлдвэртэйгээ хөдөлчихнө. Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулъя, улстөрчдийн попролт, иргэний нийгмийнхний шантаажид төр төмөр нүүрээ харуулна гэж нэг дуугаар ярихад л хэн ч юу ч гэсэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа өрнөж, Монгол Улс доллараар тасрахгүй. Өнөөхөндөө “Рио тинто” хөрөнгө оруулалтаа хийж гүний уурхайн бүтээн байгуулалт тасраагүй яваа. Тэд хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй учраас Монголын эдийн засаг өдий дайны байгаа. Гэхдээ өмнөх шиг 300 байцаагч шалгалтаар оруулаад, төр төлөөлсөн сайд нь том төслөө адлаад суугаа өнөөгийн дүр зураг даамжирвал хэцүү нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Иргэний хөдөлгөөнийхний шантаажаас болж хөдөлж чадалгүй гацсан ураны төслүүдээ урагшлуулах боломж ч дээр суугаа 65-д бий. Дэлхийн акул компаниудын нэг Францын “Арева” ураны салбарт орж ирж ажиллах гээд бараагүй. Эцэстээ төслөө царцаачихаад нам жим болсон. Ураныг ирээдүйн хямд эрчим хүчний гол эх үүсвэр болно гэдгийг дэлхийн тэрбумтан Билл Гейтс тэргүүтэй мундагууд хүлээн зөвшөөрөөд удаж байна. Ирээдүйд ханш нь өсөх нь гарцаагүй гэдэгт дэлхийн шинжээчид эргэлзэхгүй суугаа. Азаар бид “Арева” мэт том компаниуд тоож харахаар ураны дажгүй нөөцтэй. Харамсалтай нь балчир хүүхэд ч итгэмгүй аймшгийн үлгэрт итгэчихээд ураны салбараа урагшлуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ураны төслөө хөдөлгөнө гээд алх цохих эрх нь, чадал нь МАН-д байна. Тэднийг ийм шийдвэр гаргачихвал гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэх өндөр магадлалтай. “Монголын төр засаг өмнө нь явахгүй байсан шинэ төслөө явуулчихлаа” гээд газрын ховор элементийн чиглэлээр шинэ хөрөнгө оруулагчид ороод ирэхийг хэн байг гэхэв. Дэлхий Элон Маскийн цахилгаан машинд толгой дохиж эхэлсэн энэ үед цахилгаан машины батарей хийдэг газрын ховор элементүүд хаданд гарах нь хэзээнээсээ тодорхой асуудал.
Ард түмэн МАН-ыг дотроо хагаралдаж, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө хоёр талцаад үзэлцэж суу гэж сонгоогүй. Энэ мэт том, шинэ төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа хөгжүүл, амьжиргааг минь өөд нь татаад өгөөч гэж л сонгосон. Гэвч тэдэнд уран, газрын ховор элементийн төсөл гэж давж сэтгэх ухаан байтугай, хамар доорх Таван толгойгоо томоор нь хөдөлгөх хүсэл зориг бий юу гэдэгт эргэлзэхээр үйл явдлууд нүдний өмнө хөвөрч байна.
МАН-ын дотоод тэмцэл, эрх ашгийн зөрчил хурцадсан өдрүүд хэзээ дуусахыг хэлж мэдэх хүн алга.
65-уулаа УИХ-ын гишүүн болчихооод дотроо хуваагдчихсан үзээд байгааг нь л нийтээрээ тод харж байна. Ард түмэн тэнэг биш учраас чимээгүй ажиглаж суугаа. МАН өнөөдрийнх шигээ засгийн эрх, мөнгө, албан тушаалын төлөө эдийн засгаа, иргэдээ, улсаа мартан тэмцэлдсээр байвал ирэх сонгуулиар иргэд тэдэнд хатуу дүн тавина. Сонгуулийн жил “Сөрөг хүчин бидэнд боломж өгсөнгүй” гэж гомдоллох нүүр лав эрх баригчдад байхгүй.
Дахиад хэлэхэд “Эрдэнэс Таван толгой”-н IPO-г гадаад, дотоодын бирж дээр гаргаж мөнгө босгоод коксжих нүүрсний төслөө томоор нь хөдөлгөх, Оюу толгойн өрнөж буй бүтээн байгуулалтыг попуудын дарамтад оруулчихгүйхэн шиг хөдөлгөх талд онцгой анхаарах, Арбитрийн шүүх дээр унасан Эрдэнэтийн асуудалтай холбоотой их хэмжээний мөнгийг буцааж төлөх гэх мэт шийдлээ хүлээсэн өчнөөн асуудал эрх баригчдын өмнө байна.
АН мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн стандарт банкинд зээлийн барьцаанд тавьсны улмаас Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, олон сая ам.долларын өрийг төлөх эрсдэлд оруулсны хохирлыг хэн, хэрхэн барагдуулах, цаашид Монгол Улс уг төлбөрийг хэнээс нэхэмжилж эргүүлж олж авах зэрэг асуултад өнөөдөр шийдвэртэй хариулт өгөхгүй байсаар байна” гэж шүүмжилсэн нь цаанаа учиртай. Энэ өрийг Засгийн газар дарахгүй л дээ. Төр баялаг бүтээж мөнгө үйлдвэрлэдэг субьект биш. Иргэдийнхээ халаасыг тэмтэрч, компаниудын татварт төлсөн мөнгөнөөс илүүчилж байж төлөх мөнгө. Ер нь төр, засагт гарсан улсын алдаатай бодлого, шийдвэрээс болж хохирдог хэсэг нь жирийн иргэд, татвар төлөгчид л байдаг. Өр төлбөрт унасан нь засагт хэдийн буруутай үйлдлээс шалтгаалсан ч өнөөдөр ачаа, дарамтыг нь татвар төлдөг хүн бүр үүрэх гэж байна.
АН-ын мэдэгдэлд онцлохоос аргагүй өөр нэг өгүүлбэр бий. АН-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба, тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн маш ноцтой үйл явдал болсон. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар алга” хэмээн онцолсон юм.
Ардчилсан засаглалтай улсын эрх баригчид яаж ажиллаад байна вэ гэсэн том асуултад Засгийн газар өнөөг хүртэл албан ёсны тайлбар өгөхгүй суугаа нь тийм ч зөв хандлага биш. Туркийн тусгай хүчин Монголын нутаг дэвсгэрт хэний ямар дэмжлэгээр ажиллагаа явуулав гэдэг бол албан ёсны тайлбар хийж олны эргэлзээг тайлах учиртай том асуулт. АН-ын мэдэгдэлд “Стратегийн чухал объект болох төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж, монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай” гэсэн өгүүлбэр бий. Мөн л хөндөхөөс аргагүй асуудал.
Төрийн өндөр албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн нь төр, засагт хариуцлагагүй байдал газар авсны тод жишээ. Хэдэн даргыг ажилгүй болгож, төрийн албанд ажилладаг хэсэг хүний өрөөнөөс хэдэн зуун шил архи, виски хураагаад үр дүнд хүрдэг эд биш л дээ. Хариуцлага ярьж өмнөх засгаа унаган байж гарч ирсэн У.Хүрэлсүхийн хувьд энүүхэн төдий арга хэмжээ аваад өнгөрвөл эргэлзэх хүн олон гарч ирнэ. Сайдыг томилж чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргадаг атал өөрт нь тийм эрх байдаг юм шиг аягласан алдаа Ерөнхий сайдад бий. Хариуцлага хүлээлгэдэг хатуу Ерөнхий сайд гэхээс илүү хариуцлагаас бултахдаа юу ч хийж мэдэх гүйцэтгэх засаглалын тэргүүн гэсэн имиж бүрдэхээр үйл явдал болж өнгөрснийг нуух юу байхав. Нүдний өмнө ил өрнөсөн процесс.
Төдийгөөс өдий хүртэл ингэсээр ирсэн юм гээд орхилоо гэхэд МАН-ын засаг барих дөрвөн жилийн хугацаа бараг л шувтарчихлаа. Засгийн газар, эрх баригчид цаашдаа ч энэ хэвээр дотооддоо тэмцэлдээд байвал улсын эдийн засаг унах том эрсдэл бий. Дэлхийн худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол, сануулгыг эрдсийн шинжээчид аль хэдийнэ өгөөд эхэлчихлээ. 6000 ам.доллар давж байсан зэсийн үнэ 5700 руу уруудчихсан яваа. Ядаж л эдийн засгаа бодоод аль нэг тийш нь шийдвэр гаргах цаг болсныг онцолъё. Эрх баригчдын дотоод зөрчил нүд ирмэхийн зуур намжиж, гэнэтхэн л нэгэн санаагаар том төслүүдээ хөдөлгөх том шийдвэр гаргаад явна гэдэгт эргэлзэж байна. Тэгвэл яах вэ гэсэн асуулт бас бий. Харсаар суугаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх үү, УИХ, Засгийн газарт хатуу хариуцлага уу тооцох уу гэсэн хоёр сонголт л байгаа. Мэдээж эдийн засаг уруудчихвал нийт олны амьдрал хэцүүдэх учраас хоёр дахь сонголт дээр бууна л даа.
АН-ын хувьд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж байгааг энэ сарын 13-нд гаргасан мэдэгдлээс нь харчихаж болно. Тэд мэдэгдэлдээ “Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ ээлжит бус чуулган хуралдуулж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна” гэж онцолсон байсан. Магадгүй эцсийн шийдэл энэ байж мэдэх л юм.
Эх сурвалж:
1 comment
ergu malnuud zailax xeregtei 2020 oni songuuliar MAHAH zaluulax xeregtei shu ard tumen min