Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн хүү Улам-Өрнөхийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг АТГ-аас хянан шалгаж буй хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Д.Сарангэрэл сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа үгүйсгээд хүүд нь Ө гэдэг найз байхгүй гэдгийг онцолжээ.
Тэрбээр “Би Эрүүл мэндийн сайдын хувиар хоёр залууг ажилд авах саналыг яамныхаа Төрийн нарийн бичигт тавьсан нь үнэн. Нуугаад байх юм байхгүй. Тэдгээр залуус надтай садан төрөл, найз нөхөд, нутаг усны ямар ч холбоогүй.
Би эрүүл мэндийн салбарт хувь, хувьсгалын нийлсэн 50 гаруй мянган хүнтэй ажиллаж байна. Ийм байхад, би жолооч мэргэжилтэй хүнийг хэлтсийн даргаар тавих уу. Үнэхээр томилчихсон бол ноцтой асуудал.
Манай гэр бүлд төрөөс илүү зүйл хүсэх шаардлага байхгүй. Бид амьдралынхаа асуудлыг үндсэндээ шийдсэн. Өөрөөр хэлбэл, манай гэр бүл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Энэ талаасаа миний хүү надад хүн санал болгоод л, би түүнийг нь ажилд авчих хэмжээнд очоогүй улс. Би хүүгээ мэднэ. Найзууд нь гэр орноор орж гараад л явдаг. Миний хүүд Ө гэдэг найз байхгүй. Би тэр яригдаад байгаа залуугийн нэрийг энд хэлмээргүй байна. Тиймээс би энэ үйл явдлыг маш их гайхаж хүлээж авсан” хэмээжээ.
Албан мэдээллээр ЭМЯ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон гэдэг.
1 comment
Тиймээ би хүүгийнхээ найзыг томилсон гэж хэн хэлэх вэ дээ.Ер нь нотлож чадахгүй бол ийм юм бичих хэрэггүй.