Гүрж улсын арван жилийн сурагч Вако Марчелашвили нэгэн өвөрмөц амжилтын эзэн болоод байна. 18 настай энэ хөвгүүн усан доор нэг минут 44 секунд болохдоо зургаан ширхэг кубик буюу бидний нэрлэдгээр эвлүүлдэг шоог нэг амьсгаагаар эвлүүлж, олон нийтийн гайхашрал, бахархлыг төрүүлжээ.
Тэрбээр Гүржийн нийслэл Тбилисийн хамгийн олон хүн цугладаг “Жиногийн диваажин” цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах талбай дээр усаар дүүргэсэн зориулалтын шилэн хоргон дотор ийнхүү Гиннесийн дээд амжилтыг тогтоосон бөгөөд эвлүүлдэг шоо тус бүрийг биш, харин зургууланг нь нэг амьсгаагаар эвлүүлсэн нь цугласан олныг дуу алдан гайхашрахад хүргэжээ. Вако Марчелашвили эвлүүлдэг шоогоор олон жилийн турш хичээллэж байгаа нэгэн юм.
Усан доор нэг амьсгаагаар олон шоо эвлүүлж сурахын тулд сүүлийн хагас жилийн хугацаанд өдөр бүр олон цагаар бэлтгэл, сургуулилт хийсэн байна. “Би зургаан сарын турш усан доор амьсгаагаа яаж жигд хуваарилахаас эхсүүлээд өөрийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангах тал дээр маш их бэлтгэл хийсэн. Хамгийн гол нь амь нас, аюулгүй байдалдаа л их санаа зовж байлаа.
Миний тогтоосон энэ рекордыг удаан хугацаанд өөр хэн нэгэн эвдэж чадахгүй гэдэгт би бараг итгэлтэй байна” хэмээн Гүржийн ард түмний баатар болоод байгаа 18 настай хөвгүүн гадаадын сэтгүүлчдэд ярьжээ. Хүүгийн тогтоосон дээд амжилтыг Гүржийн Гиннесийн холбоо бичлэг хийн баталгаажуулж, албан ёсоор бүртгэж авсан бөгөөд одоо Дэлхийн Гиннесийн холбоо баталгаажуулах л үлдсэн аж. Вакогийн шинэчлэн тогтоосон энэхүү амжилтыг 2014 онд АНУ-ын Нью-Жерси мужийн Энтони Брүүкс хэмээх залуу усан доор таван шоо нэг амьсгаагаар эвлүүлсэн амжилтаараа эзэмшдэг байсан юм.
Эх сурвалж: Huffingtonpost